Энэ хавар 360 мянган га талбайд улаан буудай тарина

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-04-30 11:34:20

Цаг агаарын 5 дугаар сарын урьчилсан төлөв байдал гарчээ. Таван сарын цаг агаараас ирэх жилийн хүнсний боломж, нөөц ямар байх нь хамааралтай. Онцлон хэлбэл хаврын тариалалт  эхэлнэ. Тариалалт хөрсний чийг, хэм, техник техинологи, үр, хөрөнгө мөнгөний хүрэлцээ гээд маш олон зүйлээс шалтгаална. Тариа тарих гол цөм нутаг нь төвийн аймгууд (Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл) байдаг. Эдгээр аймгийн нутгаар олон жилийн дундаж (ОЖД)-аас хур тунадас (цас бороо) бага орох төлөвтэй байна. Хөвсгөл аймгийн баруун хэсгээр ОЖД орчим бороо орох төлөвтэй. Агаарын хэмийн хувьд ОЖД-аас дулаан байх юм. Газар тариалангийн дараагийн бүс нутагт Хэнтий, Дорнод аймаг ордог. Энэ аймгуудын нутгаар хур тунадас ОЖД-аас бага орно. Харин агаарын хэмийн хувьд ОЖД-аас дулаан байх төлөвтэй гэж  цаг агаарын урьдчилсан мэдээнд дурьджээ. Энэхүү цаг агаарын төлөв байдлыг баримжаа болгон өдөр өдрийн өнгө төрхөд хөтлөгдөн тариа тарих болж байна. Тэнгэрийн царай харна гэж энэ дээ.  Ингэж хэлдэг нь манай улсын хэмжээнд 4500 га талбайн үр тариа усалгаатай. Энэ нь нийт үр тарианы талбайн ердөө 1.24 хувийг эзэлдэг. Үр тариа нь овьёос, хөх тариа, тосны, тэжээлийн ургамал гээд олон нэр төрөлд хуваагдана. Ийм болохоор  улаан буудайн талбайн хэдэн хувь нь усалгаатай нь тодорхой бус.


Улсын хэмжээнд 2020 онд 360 мянган га талбайд улаан буудай тариална. Улаан буудай бол стартегийн бүтээгдэхүүн. Анхаарлын төвд байх учиртай. Энэ жил тариалах талбайг 2019 оноос 20,000 орчим га-гаар нэмжээ. Тариан талбайн хэмжээ өсж байгаа тул үр дутна. Тэгээд ч өнөгөрсөн жил хангалттай үр нөөцлөөгүй бололтой. Одоогоор аж ахуйн нэгж, иргэд 42 тн үрийн нөөцтэй. Түүнээс гадна ТЭДС, ОБЕГ-т нийт 6000 тн байгаа аж. Улаан буудайн үр улсын хэмжээнд нийлээд 48,000 тн байгаа гэсэн мэдээллийг ХХААХҮЯ гаргажээ. Харин 2020 оны хаврын тариалалтад 63,000 тн үр шаардлагатай аж. Хаврын тариалалтад дутагдах 15,000 тн үрийг импортлох шаардлагатай.


Харин 2019 онд 339,400 га талбайд улаан буудай тарьж, 407,600 тн-ыг хураан авсан. Гурилын  үйлдвэрүүдэд 247,400 тн улаан буудай тушаасан. Гэтэл одоо хэрэгцээний гурил үйлдвэрлэхэд  60,000 тн улаан буудай шаардлагатай болжээ.  Үрийн болон гурил үйлдвэрлэхэд шаардлагатай байгаа улаан буудайг импортлоход зориулан энэ оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл улсын хилээр орж ирэх улаан буудайг гааль НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар (3 дугаар сарын 4-ний өдөр) гаргасан байна. 


“Хаврын тэнгэр хартай (аюултай)” гэж ярьдаг. Тэр нь үнэн биз. Гэхдээ “хаврын тэнгэр хартай” гээд тариагаа тарихгүй өнжилтэй биш тарьж л таардаг. Энэ хавар ч тэр байдал давтагдана. Жил бүрийн хаврын тэнгэр тариалалтад эерэг, сөрөг янз бүрээр нөлөөлсөн байдаг. Эерэг нааштайг нь дурьдахаас илүүтэй, сөрөг таагүй байдлыг нь мартах учиргүй. Ийм жишээ олныг нэрлэж болно. Тэр бүхнийг энд нурших нь илүүц. Тэдгээрээс хамгийн ойр буюу 2019 хаврын цаг агаар тариалалтад ямар нөлөө үзүүлснийг сургамж авах үүднээс эргэн санах хэрэгтэй болов уу. Тариалалтын явцад 2019 оны хавар чийгний хадгалалт, таримлын соёололтод хүйтэн, салхи шуургатай байсан нь сөрөг нөлөө үзүүлсэн. Улмаар  6 дугаар сард хуурай, халуун олон хоног үргэлжилж байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан 26,900 га талбайн ургац алдсан гэсэн албаны мэдээлэл байна.


Аливаа зүйлийг байж болох хамгийн эрсдэлтэй байдалд тулгуурлан хийх ажлаа төлөвлөж, хамгийн өндөр ашигтай байдлаар төгсгөж чадвал амжилтын эзэн болох нь тодорхой. Тэр үүднээс өнгөрсөн хаврын дээрх таагүй мэдээллийг иш татлаа. Түүнээс биш их ажлын өмнө “хар амлах хэрэггүй” гэж ахмадууд сургасан байдаг. Тэр үүднээс одоо “агаархан тэнгэр минь ариун тунгалаг байж, алтанхан  нарны ариун туяан доор арвин тариа халиураасай” гэж ерөөх нь өлзийтэй. “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг тариаланчид маань хичээвэл  тэнгэр ивээх биз. Үр тарианы хувьд улаан буудайнаас гадна  тосны болон тэжээлийн ургамал хөх тариа, овьёос тарина. Тэр бүхэн нийлж байж хаврын тариалалт болно. Энэ хавар нийт 384,000 га-д үр тариа тарина.

Холбоотой мэдээ