Хайрхан сумын нутгийн зөвлөл 23.0 сая төгрөгийн үнэ бүхий зүйл хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-22 16:58:18

Архангай /МОНЦАМЭ/. Хайрхан суманд хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан тус сумын Архангай аймаг дахь нутгийн зөвлөл, “Энэрэлт буурлууд” ТББ-аас санаачлан “Малчдадаа тусалъя” хандивын аяныг өрнүүлсэн байна.

Тус аяныг Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл дэмжин зохион байгуулсны дүнд нийт 23.0 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн цугларсан аж.

Хандиваар цугларсан бараа бүтээгдэхүүнийг сумын Засаг даргын Тамгын газар болон багуудын Засаг дарга нараар дамжуулан малчдадаа өгчээ.

Хандивын аяныг дэмжиж З.Батжаргал захиралтай “Трүй рөүд” ХХК-аас хуурай сүү, каша, элсэн чихэр, /духны/ гэрэл, шүдэнз зэрэг нийт 11,5 сая төгрөгийн тусламжийн бараа бүтээгдэхүүн өгсөн байна. Түүнчлэн COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр онцгой байдлын үүрэг гүйцэтгэж буй нийт 125 төрийн албан хаагчид “Трүй рөүд” ХХК аарцны ундаа, цай, кофе зэргийг өгчээ.

Мөн Монгол Улсын гавьяат малчин О.Дорж 800 боодол өвс, хоёр тонн хивэг хандивласан байна.

Тус хандивын аяныг Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн гишүүд, Хайрхан сумын уугуул иргэн Ц.Амартүвшин, Б.Оюун, Н.Нямсүрэн, Л.Уртнасан, Т.Жамбалдорж нар мөн дэмжсэн байна.

Хандивын аянд оролцсон, дэмжсэн бүх иргэн, нутгийн зон олондоо Хайрхан сумын нутгийн зөвлөл, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, "Энэрэлт буурлууд" ТББ-ын хамт олон талархал илэрхийллээ.

Холбоотой мэдээ