Хөтөлбөрийн хүрээнд 70 мянга шахам иргэнийг В, С вирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-04-22 12:29:09

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 143 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Баянхонгор” дэд хөтөлбөрийг 2017 онд батлан хэрэгжүүлж буй. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 70 мянга шахам иргэнийг В, С вирус илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулжээ.

Тодруулбал, өнгөрсөн онд элэгний В, С вирус илрүүлэх үзлэг оношилгоонд зорилтот бүлгийн 60.350 иргэн хамруулахаас 42.200 иргэн буюу 70 хувийг хамруулсан байна. Шинжилгээгээр В вирусний 2521, С вирусний 3822 тохиолдлыг илрүүлж, С вирустэй иргэдийн 52.3 хувийг, В вирустэй иргэдийн 15.8 хувийг тус тус эмчилгээнд хамруулжээ. Гепатитын В, С вирусний түргэвчилсэн 6000 оношлуураар сум, өрхийн ЭМТ-ийг хангаж, даатгал төлөөгүй нийт 6048 иргэнийг хамруулснаас В вирус 166, С вирусний 64 тохиолдлыг илрүүлсэн байна.

2017 онд зорилтот 40-65 насны 11.338 хүнийг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулснаас С вирус 2521 тохиолдол илэрснээс 739 хүн эмчлэгдэн эрүүлжжээ. Харин В вирусний 909 өвчлөл илэрснээс 97 хүн эмчлүүлсэн байна. Илрүүлэг шинжилгээг эрчимжүүлснээр 1692 иргэн эрүүл мэндийн даатгалд шинээр хамрагдсан бол хөтөлбөр хэрэгжүүлэхэд  ЭМД-ын сангаас 2017 онд  43.2 сая төгрөгийг зарцуулжээ.

2018 онд зорилтот 15-39 насны 16.090 иргэн хамруулж, С вирусний 340, В вирусний 658 тохиолдол эерэг гарч, 25.4 хувийг эмчилгээнд хамруулснаас 166 иргэн эмчлэгджээ. Сум, өрхүүдэд 13 мянган ширхэг хурдавчилсан оношлуурыг хуваарилан эрүүл мэндийн даатгал төлөөгүй 13.698 иргэнээс 2129 иргэнийг хамруулсан бөгөөд даатгалгүй иргэдийн илрүүлэг шинжилгээний хурдавчилсан оношлуур, урвалжид  орон нутгийн төсвөөс 15.0 сая төгрөг шийдвэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ