Хөгжлийн бодлого, төлөвлөлтийг харилцан уялдаатай боловсруулах тогтолцоог бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-17 11:35:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.


УИХ-аас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөд "Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлан хэмээн заасан. Тиймээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 13 гишүүн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэх зорилгоор шинэчилэн найруулжжээ. Хуулийн төсөл Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлох, хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөх, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэж байна. Төслийг баталснаар урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг харилцан уялдаатай боловсруулах шинэ тогтолцоог бий болох ач холбогдолтой. Түүнчлэн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх төдийгүй баримт бичгийг урт хугацаанд тогтвортой, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.


Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулахад тавих шаардлага, зарчмыг сайжруулж, шинжлэх ухааны үндэслэлтэй, судлагаанд суурилсан бодлогын баримт бичиг батлагдан гарах таатай нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ. Улмаар салбар, бүс, засаг захиргааны нэгж тус бүр алс хэтийн бодлогогүй, уялдаа муутай бодлогын баримт бичгийг тус тусдаа боловсруулдаг байдал цэгцэрнэ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдийн уялдаа сайжирснаар улс, орон нутгийн төсвийн, гадаадын зээл, тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд илүү оновчтой болж, үрэлгэн зардал хэмнэгдэх, төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг сайжрах ач холбогдолтой. Түүнчлэн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн харилцаанд оролцогчдын чиг үүргийг зохистой ялгамжтайгаар тодорхой заасан нь оролцогчдын хариуцлагыг бодитой болгох зэрэг эерэг үр дүнтэй юм.


Хуулийн төслийг дэмжиж буйгаа УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр онцлов. Тухайлбал, Х.Нямбаатар гишүүн, “Хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг тайлагнадаг болох хэрэгтэй. Аймаг, нийслэл, сум, дүүрэг бодлогын баримт бичигтээ нь өөрсдөө хэрэгжүүлэх техник, эдийн засгийн боломжгүй зүйлс тусгадаг. Тэгэхээр боломжиндоо тулгуурлаж бодлогоо баталдаг, түүнийхээ хэрэгжилтийг тайлагнадаг болох ёстой” хэмээв.


Түүнчлэн Ж.Бат-Эрдэнэ гишүүн, “Улс орны хөгжлийг урт хугацаанд төлөвлөдөг хуулийн орчныг бүрдүүлж, тогтворжуулах хэрэгтэй. Сайд нарын ажлын идэвх, чармайлтаас үүдэн салбар бүрийн хөгжил өөр байгаа. Тиймээс салбар хариуцсан яамд 5 жилийн хугацаанд ажлын төлөвлөгөөгөө боловруулаад явах нь зөв” гэлээ.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 85.2 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ