Их Британид хөл хориог сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-04-17 11:35:25

ЛОНДОН. /BBC/. Их Британид коронавирусний тархалтыг хязгаарлах үүднээс тогтоосон хөл хорионы хязгаарлалтуудыг “наад зах нь” гурван долоо хоногоор сунгалаа гэж тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдлээ.


Д.Рааб өдөр тутмын хэвлэлийн бага хурлын үеэр, хязгаарлалтуудыг одоо сулруулснаар олон нийтийн эрүүл мэнд болон эдийн засгийг эрсдэлд оруулж болзошгүй гэж хэлжээ. Түүнчлэн одоогийн байдлаар халдварын үзүүлэлтүүд буурч эхлээгүй байгааг тэрбээр онцолжээ. Их Британид халдварын улмаас нас барсан хүний тоо 861-ээр нэмэгдэж, 13729-т хүрсэн байна.


Их Британид хүмүүсийг гэртээ байхыг шаардаж, бизнесийн үйл ажиллагаануудыг зогсоож, хоёроос олон хүн цуглахыг хориглосон шийдвэр өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас хэрэгжиж эхэлсэн юм. Сайд нар дүрэм журмууд үр дүнгээ өгч байгаа эсэхийг гурван долоо хоног тутам үнэлж байгаа ажээ.


Ерөнхий сайд Борис Жонсоны үүргийг түр орлон гүйцэтгэж буй Д.Рааб, “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байгаа хэдий ч бид цар тахлын хүнд хийгээд аюултай үе шатыг туулж байна. Хязгаарлалтуудыг сулруулах гэж яарвал өдийг хүртэл гарсан ахиц дэвшил үр дүнгүй болж магадгүй” гэж онцлон хэлсэн байна. 

Холбоотой мэдээ