Японд халуун хэмжигчийн хомсдол үүсэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-04-15 11:52:03

ТОКИО. /Kyodo/. Японд коронавирусний халдварын тархалтын улмаас бизнесийн байгууллагууд ажилдаа ирэхээсээ өмнө халуунаа шалгахыг ажилтнуудаасаа шаардах болсонтой холбоотойгоор халуун хэмжигч хомсдоход хүрчээ.


Нэг удаагийн амны хаалт, халдваргүйжүүлэх бодистой харьцуулахад халуун хэмжигчийн хомсдолыг зохицуулахад цаг хугацаа шаардлагатай ажээ. Түүнчлэн зарим хүн халуун хэмжигчийг цахим сүлжээгээр дамжуулан хэт өндөр үнээр худалдаалах болсон байна.


Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Omron” корпорацын “Omron” эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч компанид энэ оны гуравдугаар сард ирсэн халуун хэмжигчийн захиалгыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7 дахин нэмэгджээ.


Omron” компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, халуун хэмжигчийн захиалга ихэвчлэн нэгдүгээр сард өндөр байдаг боловч энэ онд хаврын улирал эхэлсэн үед хүртэл их хэвээр байгаа ажээ.


Omron” ажилтнуудынхаа ажиллах цагийг сунгах, амралтын өдрүүдэд ээлж нэмэх зэргээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа бол эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Terumo” корпорац мөн халуун хэмжигчийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр ажиллаж байна.


Осака мужийн хэд хэдэн эмийн санд халуун хэмжигчийн  үнэ энэ оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс ес дахин нэмэгджээ.


“37.5 хэмээс дээш халуурах нь “COVID-19” халдварын шинж тэмдгүүдийн нэг болох нь тогтоогдсоноос хойш халуун хэмжигчийн эрэлт нэмэгдсэн” гэж аж үйлдвэрийн эх сурвалж мэдээлсэн байна.


Yahoo” цахим хуудасны цахим худалдаанд халуун хэмжигч 2000 орчим иенээр /19 ам.доллар/ худалдаалагдсан нь ердийн үеийнхээс гурав дахин өндөр үнэ юм. Хэдийгээр Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сард амны хаалтыг дамлан худалдаалахыг хориглосон боловч үүнд халуун хэмжигчийн талаар дурдаагүй байжээ.


Omron” компанийн мэдээлснээр, халуун хэмжигч ойролцоогоор таван жил ашиглагддаг байна. Мөн өөр нэгэн үйлдвэрлэгчийн таамаглаж буйгаар, иргэдийн халуун хэмжигчийн хэрэгцээ хангагдсан тохиолдолд энэхүү бүтээгдэхүүн нь удаан хугацаагаар ашиглагддаг тул нийлүүлэлт эргээд хэвийн хэмжээндээ орох ажээ.  


Гэсэн хэдий ч зарим орон нутгийн засаг захиргааны хувьд хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авах газруудад үүссэн халуун хэмжигчийн хомсдолыг зохицуулахад хүндрэл учраад байгаа бөгөөд Канагава муж халуун хэмжигчийн хандив хүсэхээр шийдсэн байна. 

Холбоотой мэдээ