Цагдаагийн алба хаагчдад 67 сая төгрөгийн хамгаалах хэрэгсэл хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-14 21:01:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тэргүүн эгнээнд үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдад өнөөдөр Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас халдвар хамгааллын хувцас, ариутгалын төхөөрөмжийн хамт гардууллаа.


Цагдаагийн Ерөнхий газрын хурлын танхимд уг хандивыг өнөөдөр хүлээлгэн өгсөн бөгөөд Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхзул, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид байлцав.


Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас дэлхий нийтээрээ хүнд хэцүү цаг үеийг туулж буй энэ үед хамгийн их эрсдэлд орж байгаа өрхийн амьжиргаа доогуур, орлого багатай, олон хүүхэдтэй өрхүүд, мөн тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч мэргэжилтэн, алба хаагчдад тусламж үзүүлж байна.


Тус байгууллагаас өнгөрсөн 2 сарын хугацаанд энэ хүнд үеийг туулахад орлого багатай, нэн хүнд нөхцөлд орсон 7010 өрхөд 311 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнээр тусалжээ. Мөн яаралтай үеийн түргэвчилсэн судалгаа явуулсныг үндэслэж “COVID-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 6 сарын хугацаатай 2,2 сая ам.долларын хүмүүнлэгийн хариу арга хэмжээнд зориулсан санхүүжилт батлаад байгаа аж.


Энэ хүрээнд өнөөдөр тэргүүн эгнээнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчдад амны хаалт /нэг удаагийн/ 20 мянган ширхэг /17 сая төгрөг/, 20 сая төгрөгийн хамгаалах хувцас хэрэглэл /комбинзон/ 1000 ширхэг, 5 сая 700 мянган төгрөгийн нэг удаагийн бээлий 30 мянган ширхэг, 2 сая төгрөгийн нүдний шил, 10 сая 687 мянга 500 төгрөгийн усны гутал тус бүр 500 ширхэг, Автомакс ариутгах төхөөрөмж 250 ширхэг /11 сая 250 мянган төгрөг/-ийг гардуулан өгөв. Эдгээр 6 төрлийн хамгаалах хэрэгслийн нийт үнэ нь 66 сая 637 мянга 500 төгрөг юм байна.


Хурандаа Р.Отгонжаргал: "ЦЕГ-ын хамт олон 1998 оноос Дэлхийн Зөн Монгол ОУБ-тай хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн. Энэ хугацаанд энэ чиглэлээр 26 удаа сургалт зохион байгуулж, 2000 цагдаагийн алба хаагчийг хамруулжээ. Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд 3 сар гаруй хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд манай алба хаагчид иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, хяналтын пост ажиллуулах зэргээр улсын хэмжээнд 1000 гаруй пост дээр идэвхтэй өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж байгаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бид алба хаагчдаа энэ аюулт халдвараас хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгалын бодисыг бүрэн хангаж өгч байгаа. Мөн хувь хүн, аж ахуй нэгж байгууллагуудаас хандив тусламж маш их ирж байгаа. Тэдний нэг Дэлхийн Зөн Монгол ОУБ-д нийт алба хаагчдынхаа өмнөөс талархал илэрхийлж байна. Ялангуяа УОК, ОБЕГ-аас эрүүл мэндийн болон цагдаагийн алба хаагчдад шаардлагатай бүх зүйлээр хангаж байгаа. Бид бүхэнд хамгаалах хэрэгслийн хувьд одоогоор хангалттай нөөц байгаа. Харин цаашдаа энэ халдварын цар хүрээнээс хамаараад бид дахин хамгаалах хувцас хэрэглэлийн татан авалт хийх эсэхээ шийднэ" гэлээ.

Холбоотой мэдээ