Б.Сүлдбаяр: Монгол бичиг бол өөрөө “Гайхамшгийн цогц” юм

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-04-14 09:30:08

Хөвсгөл /МОНЦАМЭ/ "Монголын сайхан бичигтэн" улсын 23-р уралдаанд анги нийтийн ангилалд дэд байр эзэлсэн МУСГЗ Ж.Бадраагийн нэрэмжит Математик байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай улсын тэргүүний “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Сүлдбаяртай ярилцлаа.


-Улсын уралдаанд амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэ жилийн онцлог юу байв?

-"Монголын сайхан бичигтэн" улсын 23-р уралдаанд анги нийтийн ангилалд эхний жилдээ оролцож “Дэд байр” эзлэн бахдам сайхан амжилттай байлаа. Бидний бүтээлийн онцлог гэвэл үндэсний бичгийн хичээнгүй тиг, бийрийн бичлэг,  11д ангийн 33 суралцагчийн нэрийг угалзан эвхмэлээр эвхсэн бөгөөд Хөвсгөл аймгийн гайхамшигт үзэсгэлэнтэй газруудын зургийг монгол бичигтэй хослуулан шингээж өгсөн явдал юм.


-Уралдаанд хэзээнээс бэлтгэж эхэлсэн талаар тодруулаач?

-Удирдамж гарсан цагаас хойш хүүхдүүд маань амралтын өдөр гэлтгүй  идэвх чармайлттай бэлдсэн. Үүнд 11д ангийг удирдсан Мөнгөнцэцэг багшийн маань дэмжлэг маш их байсан. Байнга тусалж дэмждэг багшдаа маш их баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна.


-Монголын сайхан бичигтэн уралдаанд орсноор танай анги хамт олонд ямар үр дүн гарч байна?

-Хүүхдүүд маань илүү урам зоригтой байж би чадна гэдэгтэй итгэлтэй болж илүү ихээр бие биенээ ойлгож атгасан гар шиг нэг хамт олон болж байгаа.


-Монгол бичгийг сурч буй хүүхдүүдийн хамгийн түрүүнд анхаарах зүйл юу байдаг вэ?

-Хамгийн түрүүн сурна гэсэн чин хүсэлтэй байх хэрэгтэй юм шиг санагдсан. Мөн зурлагын зүй тогтлыг олох, ажиглах, харьцуулах чадвар чухал.


-Монгол бичиг гэж таны бодлоор . . . 

-Монгол бичиг бол өөрөө “Гайхамшгийн цогц” юм болов уу гэж боддог. Учир нь энэ сайхан бичиг үсгийг эзэмшсэн хүүхдүүд ой тогтоолт, багаар ажиллах чадвар, сэтгэн бодох чадвар, төвлөрөн суух чадвар, бүтээлч сэтгэхүй сайтай, мөн хичээл сурлагадаа ахицтай болдог. Мөн хүүхдүүд монгол бичгийг сураад зогсохгүй монгол үгийн олон утга, ёс заншил, уламжлалт монгол ухаанаас мэдэж суралцаж байгаа явдал бол монгол бичиг өөрөө хүний оюун сорьдог ухаарлын бичиг юм гэдгийг харуулж буй хэрэг юм болов уу


-Шагналт байранд шалгарлаа гэдэг баярт мэдээг хүүхдүүддээ хэзээ хэлсэн бэ?

-Энэ сайхан мэдээг  Д.Лхамсүрэн эгч, мөн миний ангийн багш П.Түвшинбаяр багшаасаа анх сонссон. Өө тийм үү ямар гоё юм бэ гээд анх итгэхгүй байсан шүү. Бас энэ баярт мэдээ сонсох өдөр манай сургуулийн шинэ жил болж байсан юм. Ёстой л баяр дээр баяр болсон доо.


-Танай анги хамт олны онцлог?

-Манай хүүхдүүд ер нь дор бүрнээ хичээж чадна гэсэн хүслийн дор нэгдэж энэ уралдаанд оролцсон. Хүүхдүүд маань маш гайхалтай байсанд баярлалаа багш нь. Миний хүүхдүүдийн нэг онцлог нь бие биенийгээ маш сайн сонсдог. Ёстой л нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө байж чаддаг тийм л мундаг хүүхдүүд шүү.




-Багш хүний бахархал бол шавь нар шүү дээ?

-Тийм шүү. Тэр үнэн. Шавь нь сайн явах нь багш хүний жаргал байхаа гэж боддог.

-Цаашдаа илүү их хичээж, сурсан мэдсэнээ харамгүй түгээж, олон уралдаан тэмцээнд амжилттай оролцоно гэж бодож хүсэж байна.


-Нийт уншигчдад хандаж юу гэж уриалах вэ?

-Үг болгон нь эрдмийн шимтэй

Өгөөж болгон нь эрдэнийн шинжтэй энэ сайхан бичгээ илүү сайн суралцаарай “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” шүү гэж  гэж уриалмаар байна.

Холбоотой мэдээ