Иргэдэд зөвлөгөө өгөх 20 ажлын хэсэг байгуулжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-13 20:05:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх “Маскаа зүүцгээе” сарын аян өнөөдрөөс орон даяар эхэлсэн. Уг аянд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн багш нар нэгдэн дэмжлэг үзүүлж байна.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас Өлгий сумын ерөнхий боловсролын 11 сургуулийн багш нартай хамтран ард иргэдэд зөвлөгөө өгөх 20 ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсгүүд өнөөдөр аймгийн төвийн 95 байгууллага, үйлчилгээний газраар орж 1405 иргэнд амны хаалт зүүх талаар зөвлөгөө өгсөн байна. Мөн 110 ширхэг зөвлөмж тарааж, амны хаалтгүй 170-аад иргэнд шаардлага тавин амны хаалт зүүлгэжээ.

Цаашид ажлын хэсгүүд хяналт тавих, зөвлөгөө өгөх ажлаа үргэлжлүүлэх бөгөөд иргэдэд амны хаалтаа тогтмол зүүж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалж байна.

Холбоотой мэдээ