Дэлхийн банк: Өмнөд Азийн эдийн засгийн өсөлт огцом унаж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-04-13 15:27:29

ВАШИНГТОН. /BBC/. Өмнөд Азийн эдийн засгийн өсөлт коронавирусний тархалтын улмаас сүүлийн 40 жилд байгаагүй бага хэмжээнд хүрч болзошгүй байгааг Дэлхийн банк анхаарууллаа. Ингэснээр тус бүс нутагт ядууралтай тэмцэх чиглэлд гарсан хэдэн арван жилийн ахиц дэвшил үр дүнгүй болж магадгүй байна.


Энэтхэг, Бангладеш, Шри Ланка, Пакистанд одоогоор халдварын цөөн тохиолдол бүртгэгдээд байгаа боловч цаашид халдварын голомт болж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа ажээ. 1.8 тэрбум хүн амтай Өмнөд Азийн бүс нутагт дэлхийн хамгийн шигүү оршин суугчидтай хотууд оршдог юм.


Аялал жуулчлал буурч, нийлүүлэлтийн сүлжээнүүд тасалдаж, хувцасны эрэлт багасаж, хэрэглэгч болон хөрөнгө оруулагчид буурах төлөвтэй байгаатай холбоотойгоор Дэлхийн банк Өмнөд Азийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг 1.8-2.8 хувь болгон бууруулжээ. Халдварын тархалтаас өмнө уг үзүүлэлтийг 6.3 хувьд хүрнэ хэмээн таамаглаж байжээ. Түүнчлэн тус бүс нутгийн орнуудын тэн хагас нь эдийн засгийн “гүн уналтад” орж болзошгүй байгаа ажээ.


Дэлхийн банкны мэдээлснээр, Арабын тэнгисийн жижиг арлууд дээр оршдог Малдивын эдийн засаг хамгийн их хохирол амсах магадлалтай бөгөөд тус улсын эдийн засгийн хамгийн чухал аялал жуулчлалын салбар хумигдсанаар эдийн засаг нь 13 хувиар агшиж болзошгүй юм.


Мөн Өмнөд Азидаа хамгийн томд тооцогддог Энэтхэгийн эдийн засаг энэ санхүүгийн жилд 1.5 хувиар өсөх төлөвтэй байгаа нь өмнөх урьдчилсан таамаглалаас 3.5 хувиар буурчээ. Дэлхийн банк олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдал болон ард иргэдээ хамгаалах, ялангуяа хамгийн ядуу, хамгийн эмзэг хүн амаа хамгаалах үйл ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгаа аль болох хурдан сэргээхийн тулд одоо хийх шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг Засгийн газруудад зөвлөжээ.


Дэлхийн банк мөн цагаач ажилтнуудад зориулан түр хугацааны ажлын хөтөлбөрүүдийг боловсруулж, нэн шаардлагатай экспорт, импортын саад тотгорыг бууруулахын зэрэгцээ бизнес, хувь хүмүүсийн өрийг чөлөөлөхийг зөвлөсөн байна.


АНУ-ын нийслэл Вашингтон хотод төвтэй Дэлхийн банк цар тахлыг даван туулах, эдийн засгаа сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор эмзэг орнуудад ирэх 15 сарын хугацаанд 160 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн билээ. 


Холбоотой мэдээ