Гэмт хэрэг өмнөх оныхоос 19 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүртгэгдсэн гэмт хэрэг оны эхний улиралд 8003 болж, өмнөх оны мөн үеэс 1902 (19.2%)-оор буурчээ. Өнгөрсөн 3 дугаар сард цагдаагийн байгууллагад 2059 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 1314 (39.0%)-өөр буурсан үзүүлэлттэй байна гэж ҮСХ-оос мэдээллээ.
Нийт гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс буурахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 973 (16.5%), хулгайлах гэмт хэрэг 514 (18.7%), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 358 (15.6%), хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 221 (61.4%), залилах гэмт хэрэг 239 (14.6%), хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 129 (38.1%), гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 133 (83.6%), дээрэмдэх гэмт хэрэг 115 (39.8%), хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 97 (29.6%), нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 73 (53.7%), хүчиндэх гэмт хэрэг 65 (37.4%)-аар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 87 (73.1 %), цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 18 (2.1 дахин)-аар тус тус өссөн байна.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2020 оны эхний улиралд 26 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 133 (83.6%)-аар буурсан байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 3131 зөрчил бүртгэгдсний 2244 (71.7%) зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Бүртгэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1193 (61.6%)-аар, шийдвэрлэсэн зөрчил 1118 (99.3%)-аар тус тус өссөн байна.
Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2020 оны эхний улиралд 799 болж, өмнөх оны мөн үеэс 36 (4.7%)- гаар, эмэгтэй хүн оролцсон хэрэг 719 болж, 82 (12.9%)-оор өсөж, харин мансуурсан үедээ үйлдсэн хэрэг 62 болж, 8 (11.4%)-аар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн хэрэг 279 болж, 104 (27.2%)-өөр, бүлэглэн үйлдсэн хэрэг 416 болж, 88 (17.5%)-аар, хүүхэд оролцсон хэрэг 111 болж, 52 (31.9%)-оор тус тус буурчээ.