ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас сэргийлэхэд нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл оношлуурыг ДЭМБ-аас манай улсад хандивлав.
Эдгээр тусламжийн багаж, хэрэслүүдийг өнөөдөр /2020.04.11/ Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Коронавирусний халдварын тархалт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрч 2020 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 213 улсад 1,698,232 тохиолдол бүртгэгдэж, 102 мянга 696 хүн нас барсан байна. Манай улсын тухайд 16 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, 4 нь эдгэрсэн.
Коронавирусний халдвар
дэлхий нийтийг түгшээж буй энэ үед Монгол Улс халдварыг тогтоон барих,
тархалтаас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах
чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа юм. ДЭМБ Монгол
Улсын өнөөгийн үйл ажиллагаанд үргэлж
дэмжин ажиллаж байгаа билээ.
Дэлхийн бараг бүх улс оронд халдварын нөхцөл байдлын улмаас хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээ эрс нэмэгдэж, хомсдол үүссэн энэ үед ДЭМБ-аас 3 дахь удаагийн тусламжаа хүлээн авч байна. Энэхүү тусламжийн хүрээнд 80 мянга 770 ам.долларын үнэ бүхий 8 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, 2 нэрийн оношлуурыг хүлээн авч байна.
Үүнд: Нэг удаагийн амны
хаалт - 233 мянган ширхэг, мэс заслын амны хаалт- 4000 ширхэг, N 95 амны хаалт-
1000 ширхэг, нүүрний хамгаалалт 400 ширхэг, Аюултай хог хаягдлын уут 1000
ширхэг, Нүдний шил 250 ширхэг, Нэг удаагийн халад 422 ширхэг, нэг удаагийн
бээлий 12 мянган хос, оношлуур /Sarbeco V E-ген EAV / - 7 мянга 680 нэгж,
оношлуур SARs COV-2 /COVID19 RdRP/ 2
мянга 880 ширхэг багтжээ.