Алтны уураар өнгөлсөн уран хийцтэй эмээл Баян-Өлгийн музейд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-10 17:33:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.  Монголын казахуудын хэрэглэж ирсэн морины тоног, хэрэгслүүдийн хийх арга, хэлбэр хийц, хэрэглээний шинж чанар, зориулалт нь Монголын олон үндэстэн угсаатныхтай тун ижил хэдий ч зарим талаар өөрийн гэсэн өвөрмөц соёлын өв уламжлалтай байдаг.

Казах эмээлийн урд бүүрэг нь эгц, хойд бүүрэг нь хойшоогоо налуу, хүн чөлөөтэй суух боломжтой, үндсэндээ хавтгайдуу хэлбэр хийцтэй байдгаараа онцлогтой. Урт, өргөн хэмжээгээрээ монгол эмээлүүдийн аль ч төрлөөс том. Казах эмээлийг хийц, хэлбэрийн хувьд керей /Хэрэй/ эмээл, найман эмээл, хэрэглээний шинж чанараар ердийн ба гоёлын, зориулалтаар нь эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гэх зэргээр ангилдаг.

Эмэгтэй эмээл нь эрэгтэй эмээлээс хийцээрээ том байдаг байна. Энэ нь эмэгтэй хүн урдаа өлгийтэй хүүхдийг авч явахад тохиромжтой гэж үзсэн байдаг.

Баян-Өлгий аймгийн орон нутаг судлах Музейд казахын ард түмний нүүдэлчин соёлын илэрхийлэл болсон нэгэн эмээл хадгалагдаж байна. Энэхүү алтан шармал нэртэй эмээл нь хийц загварын хувьд маш уран хийцтэй, дахин давтагдашгүй үнэт үзмэр аж.

Эмээлийн гоёл чимэглэлүүдийг төмрөөр хийн, мөнгөөр өнгөлж, алтны ууранд барьжээ. Мөн даруулга, хөмөлдрөг, хазаар, ширэн тохом, хос дөрөө, зэрэг зүйлээс бүрдсэн байна.

Уг үзмэрийг ХХ зууны эхэн үед хадамд мордуулсан охинд зориулан хийсэн бөгөөд Улаанхус сумын Хавдал гэдэг хүн хэрэглэж байжээ. 


Холбоотой мэдээ