Экологийн цагдаагийн алба шинээр байгуулав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-09 11:57:35

Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/09 дүгээр тушаалаар Цагдаагийн байгууллагын энэ оны төсөвт байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий алба хаагчдын орон тоо, цалингийн зардлыг тусгаж өгснөөр Цагдаагийн байгууллагад Экологийн цагдаагийн алба шинээр байгуулжээ.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/17 дугаар тушаалаар Экологийн цагдаагийн албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, Архангай аймагт экологийн ажил хариуцсан ахлах мөрдөгч, мөрдөгч, байцаагч бүхий найман алба хаагчийн орон тоог шинээр нэмсэн байна.

Тус алба нь биологийн төрөл зүйл, түүний бүтээгдэхүүн хэсэг, нөөц баялаг элбэг байдлаас шалтгаалан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, байгалийн дагалдах баялаг самар, жимс түүх, мод бэлтгэх тээвэрлэх, нэн ховор, ховор ан амьтан агнах, түүхт дурсгалт, хөшөө бунхан, хиргисүүр, овоо, тахилгат газрыг ухах, сүйтгэх, гадаад, дотоодын жуулчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулах гэх мэт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх, илрүүлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллах юм.

Аймгийн Экологийн ажил хариуцсан алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтаа эрчимжүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ