Кенид 105 тонн зааны соёог шатаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-05-02 13:13:51

НАЙРОБИ. /NHK/. Кенийн эрх баригчид Африкийн зааныг хулгайгаар агнах явдлыг таслан зогсоох ёстой гэсэн мессежийг нийгэмд хүргэх зорилгоор асар их хэмжээний зааны соёогоор овоо босгон шатаасан байна.

Найроби хотын үндэсний цэцэрлэгт хураагдсан байсан 105 тонн зааны соёог овоолон шатаажээ. Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеньятта эхний овоог шатаахаар гал өрдсөн байна. Түүний дараа Зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын ажилтнууд шатаах ажиллагаанд оролцсон байна.

Тус улсад зааны соёог худалдахын тулд олноор нь алж устгаснаас тоо толгой нь огцом буурсныг эсэргүүцэн ингэж шатаадаг боловч энэ удаагийнх шиг ийм их хэмжээгээр шатаасан тохиолдол гарч байгаагүй аж.

Африкт хулгайн анчид жилд 30 мянга орчим зааныг алж устгадаг гэсэн тооцоо гарчээ.

Харин Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцид Африкийн зааны соёог худалдаалахыг хориглосон байдаг.  

Кенийн зохих албад эргүүл хийх, хатуу шийтгэл ногдуулах зэргээр хууль бус үйлдэлтэй тэмцэхийг оролдож байгаа боловч төсөв мөнгөний гачаалаас үүдэн нэлээд бэрхшээлтэй тулгараад байгаа юм.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ