УИХ-ын чуулганыг онц байдлын үед цахимаар хуралдуулах хуулийн төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-07 16:01:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хуулийн төсөлд УИХ-ын чуулганыг онцгой дэглэмийн үед цахимаар хуралдуулж болох тусгай дэгийг тусгажээ. 


Хуулийн төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулахдаа, дэлхийн 210 гаруй улсад шинэ коронавирус тархаж, 1.2 сая хүн “COVID-19”-өөр өвчилснийг тэмдэглэв. Тиймээс онц байдал, дайны байдал, олон улсад хөл хорио тогтоох өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг цахим хуралдаанаар хэлэлцэх, энэ үед баримтлах дэгийг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд тусгах шаардлага тулгарсан байна. Төсөлд, халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй ч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн УИХ-ын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцохоор тусгажээ.


Чуулганы нэгдсэн болон байнгын, дэд, түр хорооны хуралдааныг цахим хурлын программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хурлын программ нь УИХ-ын гишүүд, ажлын баг байршлаас үл хамааран дүрсээ харж нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байх зохицуулалт тусгасан байна. Мөн УИХ-ын гишүүд Төрийн ордон дахь хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө оролцох, санал хэлэх, тайлбар хийх, асуухдаа цахим хурлын программын мэдээлэл солилцох хэсэгт мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр микрофон нээлгэж, үг хэлнэ. Хууль, тогтоолын төслийн талаар илээр санал хураах бөгөөд санал хураах цагийг урьдчилан мэдэгдэхээр заажээ.


Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.7 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. “COVID-19”-өөс сэргийлэх үүднээс УИХ-ын гишүүд Төрийн ордны таван танхимаас цахимаар холбогдон хуралдаж байгаа тул гишүүд гар өргөж, саналаа өгсөн юм.

Холбоотой мэдээ