Нью-Йорк хотын амьтны хүрээлэнгийн бараас халдвар илэрчээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2020-04-06 17:06:26

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын Нью-Йорк хотын “Бронкс” амьтны хүрээлэнгийн Надиа хэмээх бараас коронавирусний халдвар илэрчээ. Энэ төрлийн амьтнаас уг халдвар илэрсэн анхны тохиолдол энэ болж байна.


“Дөрвөн настай эмэгчин бард хуурай ханиах шинж тэмдэг илэрсний дараа шинжилгээ авахад халдвар илэрсэн бөгөөд эдгэрэх төлөвтэй байна” гэж Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс /WCS/ мэдээлжээ.


“Надиа бараас сорьц авч, шинжилсний дараа уг амьтны хүрээлэнгийн таван бар, арсланд амьсгалын замын өвчний шинж тэмдгүүд илэрсэн” гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ. Тэдгээрээс өөр амьтнаас шинж тэмдэг илрээгүй байна.


Хэдийгээр тэдгээр амьтны заримын хоолны дуршил муудсан боловч амьтны хүрээлэнгийн муурнууд мал эмнэлгийн хяналтад сайн байгаа гэж “Бронкс” амьтны хүрээлэнгээс мэдээлжээ.


“Халдварт өвчин том муурнуудад хэрхэн дамжсан нь тодорхойгүй байгаа бөгөөд шинэ халдварт өөр төрөл зүйлийн амьтад өөр хариу үйлдэл үзүүлж байна. Гэсэн хэдий ч бид амьтдыг үргэлжлүүлэн хяналтдаа байлгана” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр, амьтад амьтны хүрээлэнгийн ажилтнаас халдвар авсан бөгөөд уг ажилтан халдварын шинж тэмдэггүй өвчтөн байжээ. Уг амьтны хүрээлэн өнгөрсөн гуравдугаар сарын 16-наас хойш үйл ажиллагаагаа зогсоогоод байсан аж.


Коронавирусний халдварын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл гарах хүртэл халдвар авсан хүмүүс амьтад болон гэрийн тэжээвэр амьтадтайгаа бага харьцахыг зөвлөж байна гэж Хөдөө аж ахуйн яамнаас мэдэгджээ. 

Холбоотой мэдээ