Аймгийн хэмжээнд нэг сая гаруй толгой малд вакцинжуулалт хийнэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-07 12:01:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор дархлаажуулалтын төлөвлөгөө гаргаж баталсан.

Тус төлөвлөгөөний дагуу дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сумдад малын вакцинжуулалтын ажил зохион байгуулж байна.

Тус вакцинжуулалтад аймгийн хэмжээнд нэг сая гаруй толгой малыг хамруулахаар төлөвлөжээ. Тодруулбал, шөвөг яр, дуут болон цусан халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг 180 мянга гаруй бод, 952 мянга орчим бог малд хийх юм.

Одоогийн байдлаар тал хээр, говийн бүсийн сумдад малын дархлаажуулалт, вакцинжуулалтын ажил үргэлжилж байна. Харин уулын бүсийн Дуут, Мөнххайрхан суманд малын вакцинжуулалтын ажил дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхэлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Энэхүү ажил зургаадугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлэх бөгөөд 17 сумын мал эмнэлгийн 52 нэгжийн 70 орчим малын эмч ажиллаж байна.  

Холбоотой мэдээ