Мүн Жэ Иний нэр хүнд хамгийн өндөр түвшинд хүрч өсжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-04-06 14:27:15

СӨҮЛ. /RIA Novosti/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний нэр хүнд дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт хамгийн дээд түвшинд хүрч өссөнийг “Realmeter” судалгааны агентлагаас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Мүн Жэ Иний нэр хүндийн үзүүлэлт дөрөвдүгээр сарын эхний долоо хоногт дунджаар 53.7 хувьтай байсан бөгөөд дөрөвдүгээр сарын 3-нд 54.9 хувь болж өссөн байна. Хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт хамгийн өндөр түвшинд хүрч өсөж байжээ.


“Realmeter” агентлагийн шинжээчдийн тэмдэглэж байгаагаар,  коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор БНСУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй ажилд өгсөн эерэг үнэлгээ, мөн тус улсын Засгийн газар бага орлоготой өрхүүдэд гэр бүлийн гишүүдийн тооноос хамааран 800 орчим ам.доллар олгох шийдвэр гаргасан нь Мүн Жэ Иний нэр хүнд өсөхөд нөлөөлжээ.

 

БНСУ-ын Ерөнхийлөгчийн нэр хүнд өнгөрсөн долоо хоногийн үзүүлэттэй харьцуулахад 1.1 пунктээр өссөн бол түүний явуулж буй үйл ажиллгааг  шүүмжлэгчдийн тоо 43.2 хувьтай байна. Үүний зэрэгцээ эрх баригч Ардчилсан намын нэр хүнд өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.4 пунктээр буурч, 43.2 хувь, консерватив намын чансаа 1.2 пунктээр буурч 28.2 хувь болжээ. БНСУ-ын парламентын сонгууль дөрөвдүгээр сарын 15-нд болно. Гурван өдөр утсаар явуулсан судалгаанд 18-аас дээш насны 2521 хүн оролцжээ.


Тус улсад 10284 хүн коронавирусний халдвар авч, 6598 хүн эдгэрсэн бөгөөд 186 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ