Эх орондоо ирэх хүсэлтэй 6000 гаруй иргэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-06 12:31:58
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын 45 улсаас 6315 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Тэдгээрээс эрүүл мэндийн шалтгаантай 84 иргэн, 271 ахмад настан, 32 жирэмсэн эмэгтэй, 378 орон байрны асуудалтай иргэн, 811 оюутан, санхүүгийн хүндрэлтэй байгаа 4000 орчим иргэн байгааг УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тэмдэглэв.


Энэ сарын 8-нд БНСУ-аас тусгай нислэгээр иргэдээ авах шийдвэр 4 сарын 3-нд албажсан бөгөөд УОК-оос тус нислэгт бүртгэх иргэдэд тодорхой таван шаардлагыг тавьсан. Үүнтэй холбоотой мэдээллийг ЭСЯ-ны цахим хуудсанд 4 сарын 3-ны оройн 23 цагт байршуулсанд бүхимдсан иргэд байсан юм.


"Яагаад оройн цагаар мэдээлэл тарааж байгаа юм бэ гэсэн шүүмжлэл иргэдээс ирсэн. ЭМЯ-наас БНСУ-аас ирэх иргэдийг "COVID-19"-ийн шинжилгээ зайлшгүй өгсөн байх шаардлага тавьж байгаа. Тиймээс цаг хожих үүднээс мэдээллийг аль болох шуурхай хүргэж байна. Сөүлээс ирсэн өмнөх нислэгүүдэд ЭСЯ-нд урьдчилан бүртгүүлсэн байсан иргэд багтсан бол энэ удаа иргэдийг шинээр бүртгэсэн. Энэ ажлын Сөүл дэх ЭСЯ, МИАТ компанийн төлөөлөгчийн газрын 5 ажилтан хамтран гүйцэтгэсэн. 4 сарын 4-ний 11-17 цагийн хооронд бүртгэл явуулахаар төлөвлөсөн боловч 14 цаг гэхэд 260 гаруй хүн бүртгүүлсэн байсан учир бүртгэлээ зогсоосон. Иргэдийн нислэгт багтаж чадахгүй байна гэсэн гомдлыг бид сайн ойлгож байна. Гэвч УОК-оос өгсөн таван шаардлагын дагуу бүртгэлээ хийгээд дүүрсэн. БНСУ-д манай 45 мянган иргэн байгаа онгоц 250 хүний суудалтай гэдгийг ойлгож хүлээж авахыг иргэдээс хүсэж байна" хэмээн  ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг онцлов.


УОК-ын 3 сарын 20-ны хуралдаанаар Монгол Улсад ирэх боломжтой гадаадын иргэдийн тодорхойлсон. Үүнд Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын ДТГ, олон улсын байгууллагын ажилчид, тэдгээрийн гэр бүл, монгол иргэнтэй гэр бүл болсон, Монголд байнгын оршин суудаг гадаадын иргэд хамаарч байгаа. Энэ дагуу 4 сарын 3-нд Токиогоос Япон улсын 2 иргэн, монгол аав ээжтэй Испани болон АНУ-ын иргэншилтэй хоёр хүүхэд ирсэн гэдгийг тодруулав.


Холбоотой мэдээ