Үнэт эдлэлийн худалдаа, арилжаа эрхлэгчдийн судалгаа хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-03 12:46:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо үнэт эдлэл, эртний эдлэлийн худалдаа, арилжаа эрхлэгчдийн судалгааг эхлүүлжээ.


Монгол Улс 2019 оны 10 дугаар сарын 18-нд ФАТФ-ын саарал жагсаалтад орсон шалтгаануудын нэг нь үнэт металл, үнэт чулуу ба түүгээр хийсэн эдлэлийн худалдаагаар дамжуулж мөнгө угаах эрсдэл байна гэж үзсэн бөгөөд манай улсад уг салбар ямар ч хяналтгүй явж ирсэн юм.


Иймд эрсдэлээс сэргийлэх боломжийг бүрдүүлэх, саарал жагсаалтаас гарахад үнэт металл, үнэт чулуу болон түүгээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчид, эртний эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчдийг хамруулсан эрсдэлийн үнэлгээний судалгааг зохион байгуулах, уг судалгааны үр дүнд үндэслэн тэднийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс хамгаалахад нэн шаардлагатай ажлыг зохион байгуулж, үр дүнг тайлагнахыг даалгасан.



Энэ дагуу Санхүүгийн зохицуулах хороо үнэт эдлэлийн арилжаа эрхлэгчдийг зохицуулах үүргийг хүлээсэн бөгөөд дөрөвдүгээр сараас эхлэн тусгай зөвшөөрлийн хүсэлтийг авч эхлээд байгаа аж. Үндэсний статистикийн хороо СЗХ-той хамтран ажиллах бөгөөд долоо хоног үргэлжлэх судалгааг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлжээ.


Уг судалгаа нь Монгол Улсын иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, цаашлаад Саарал жагсаалтаас гарах нэг боломжийг бий болгох учраас үнэт металл, үнэт чулуу, түүгээр хийсэн эдлэлийн худалдаа арилжаа эрхлэгчид иргэний үүргээ биелүүлж, үнэн зөв мэдээллээ өгөхийг Үндэсний статистикийн хорооноос уриалав.



Холбоотой мэдээ