Тосонцэнгэл сум эсгий эдлэлийг брэнд болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-02 17:47:37

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Тосонцэнгэл сум эсгий эдлэлийг брэнд бүтээгдэхүүн болгохоо зарлаж, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж байна.

Манай сумын брэнд бүтээгдэхүүн бол нэрс жимс, түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Гэхдээ сумын нийт өрхийн 50 орчим хувь нь малтай, 36 орчим хувь нь малчин өрх бөгөөд мал аж ахуйгаас гарч буй мах, сүү цагаан идээний чанар сайн учраас зах зээлд эрэлт хэрэгцээ ихтэй байдаг нь иргэдийн амьжиргааны дийлэнх орлогыг бүрдүүлдэг. Иймд малчдын үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлан таниулах улмаар аймаг, улсын чанартай үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцуулах. Малаас гарч буй сүү цагаан идээ, махыг зах зээлд худалдан борлуулах. Малын түүхий эдийг боловсруулж хийсэн малчдын бүтээлүүдийг зах зээлд таниулж дэмжлэг үзүүлэх. Сумын брэнд бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор эсгий, эсгий эдлэл, зөөлөн оёдлын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдээ дэмжин хамтран ажиллаж, Сум хөгжүүлэх сангаас жил бүр зээл олгож байна.

Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд эсгий, эсгий эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж буй 30 гаруй иргэн байна. Тухайлбал манай үйлдвэрлэгч иргэд, малчид эсгийгээр хийсэн ахуйн эдлэл хэрэглэл, хувцас, малгай дээл, гутал, цүнх, ээмэг зүүлт тэр ч байтугай хүүхдийн тоглоом хүртэл урлаж байна. Түүнчлэн хонины элдсэн нэхийгээр улавч хийж хувиараа борлуулах жишээний. Үхрийн хөөвөр болон тэмээний ноосыг зулж эсгий дээл хийсэн гээд содон сонин бүтээгдэхүүнүүдийг малын гаралтай түүхий эдээр хийж чадаж байгаа. Тэгэхээр үүнийг нь л дэмжээд хамтраад яг эсгий, эсгий эдлэлийг сумынхаа “Брэнд” болгохоор ажиллаж байна хэмээн Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас мэдээлэв.


Эсгий бүтээгдэхүүний эрэлт их, борлуулалт сайн байдаг

Тосонцэнгэл сумын жижиг дунд үйлдвэрлэгчид эсгий бүтээгдэхүүнээрээ хэдийнээ өөрийн гэсэн хэрэглэгчтэй болжээ.

Тухайлбал "Түмэн Тосон" ХХК-ийн захиалгаар үйлдвэрлэдэг “Хүннү гутал” жил бүр эрэлттэй байдаг. Зөвхөн гар аргаар эсгийгээ хийж тэмээний ноосон утсаар гараар уллаж, эсгийн дээр эсгийгээр зулж урладаг гутал бөгөөд эдэлгээ сайтай. Угаалгын машинд хийгээд угаагаад өмсчихөж болдог. Цэвэр байгалийн гаралтай түүхий эд ордог, бүх үйл ажиллагааг зөвхөн гараар хийдэг учраас маш бат бөх болдог онцлогтой.

"Хүннү гутал" хүүхдийнх нь 70-300 мянгаар борлуулагддаг бол насанд хүрсэн хүмүүсийн гутал нь 300-600 мянгын хооронд зах зээлд худалдаалагддаг. Мөн тус компанийн эсгийн дээр өнгийн ноосыг ашиглан ямар ч будаг оруулалгүй, бүтээсэн хананд өлгөдөг эко зураг борлуулалт сайтай байдаг. Тухайлбал малын төрөл бүрийн өнгийн ноосыг ашиглан Дилов хутагтын дүрийг гаргаж урласан эсгий ханын уран зургаа 600 мянгаар борлуулж байсан гээд эсгий бүтээлүүд эрэлт ихтэй, борлуулалт сайтай байдаг юм. Түүнээс гадна манай сумын мод, модон эдлэл тэр дундаа мужаануудын хийдэг бүрэн сийлбэртэй монгол гэрийг албан ёсоор брэнд гэж зарлаагүй ч улс, аймгийн  хэмжээнд танигдсан технологитой бүтээгдэхүүн байдаг хэмээн сумын ЗДТГ-аас нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ