Энэ жил эх дэлхийдээ ээлтэй өрх, хөршийг шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-01 11:52:10

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг энэ жил “Эко Завхан” аянаа үргэлжлүүлэн зохион байгуулж “Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо” номинацийг нэмжээ.

“Миний гоё сум” хөтөлбөрийн хүрээнд “Эко Завхан” аяныг 24 сумандаа дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна. Аяны хүрээнд аймгийн хэмжээнд орчны бохирдол доройтлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэхэд иргэд, албан байгууллагууд, сумдыг  татан оролцуулж, урамшуулсаар байгаа юм. Энэ жилээс тус аяны удирдамж шинэчлэгдэж “Эх дэлхийдээ ээлтэй өрх”, “Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо”, “Эх дэлхийдээ ээлтэй сум”, “Эх дэлхийдээ ээлтэй байгууллага”-уудыг шалгаруулахаар болсон байгаа. Аян албан ёсоор гуравдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. “Эх дэлхийдээ ээлтэй өрх”, “Эх дэлхийдээ ээлтэй хөршийн холбоо” шалгаруулах уралдааныг Улиастай сумын хэмжээнд зарласан бол “Эх дэлхийдээ ээлтэй сум”, “Эх дэлхийдээ  ээлтэй байгууллага”-ыг 24 сумын хэмжээнд зохион байгуулж байна.

Аяныг хагас, бүтэн жилээр буюу 2020 оны 7 дугаар сар, 2021 оны нэгдүгээр сард тус бүр хоёр удаа дүгнэж, шилдгүүдийг шагнаж урамшуулах юм. Уралдааныг дүгнэх ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, болзолт уралдаанд идэвх санаачилгатай оролцсон иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сумдыг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж эцэслэн шийдвэрлэнэ. Номинаци тус бүрийн тэргүүн байрт нэг сая төгрөг, дэд байрт 800 мянган төгрөг, гуравдугаар байрт 500 мянган төгрөгийн урамшуулал олгох юм хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ