Цас их орсны улмаас Наранбулаг суманд хаваржилт хүндэрчээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-30 20:27:13

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасны улмаас Наранбулаг суманд хаваржилт хүндэрч эхлээд байна. Хужирт багийн нутагт тал газартаа 50-55 см, уул талдаа 1 метр 20 см-ээс 1 метр 40 см хүртэл их хэмжээний цас орсны улмаас ар нуурын хөвөөнд хаваржиж буй 20 гаруй малчин өрх хүндхэн байдалд оржээ.

Эдгээр малчдын заримынх нь өвс, тэжээлийн нөөц багассантай холбогдуулан тус сумын удирдлагуудаас аймгийн Онцгой комисст хүсэлт гаргаж, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл хүргүүлсэн байна. Аймгийн онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг Хужирт багийн ар нуурын хөвөөнд хаваржиж буй 20 гаруй өрхөөр орж, цаг үеийн байдалтай газар дээр нь танилцаж тусламжийн өвс тэжээлийг хүргээд иржээ. Мөн тэр чиглэлийн айлуудын нүүдэл цасанд боогдож зогссон байсныг аймаг, сумын Онцгой комиссоос яаралтай арга хэмжээ авсан байна.

Аймгийн онцгой комиссоос нөөцийн өвс тэжээлийг хөнгөлөлттэй үнээр сумдад хуваарилах ажлыг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ