Дэглий цагаан, Кызылыг холбосон шинэ агаарын зам нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-03-30 14:00:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудал болон ОХУ-ын БНТУ-ын Кызыл нисэх буудлыг холбосон шинэ агаарын замыг энэ сарын 26-нд нээсэн талаар ИНЕГ-аас өнөөдөр мэдээлэв.


Өнгөрсөн оны 10 дугаар сард ОХУ-ын Засгийн газар БНТУ-ын нийслэл Кызыл хотын Кызыл нисэх буудлыг олон улсын статустай болгожээ. Улмаас тус нисэх буудлыг Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудалтай холбосон шулуун агаарын зам нээх, улсын хил дээр шинэ агаарын хаалга тогтоох хүсэлтийг ИНЕГ-т ирүүлсэн байна. Монгол Улсын агаарын зайд нэгдсэн хяналт, дүн шинжилгээ хийсэн судалгаа, тайлан болон аюулгүй ажиллагааны эрсдэлийн үнэлгээнд үндэслэн агаарын хаалга, замыг шинээр тогтоож, Монгол Улсын Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар баталжээ. Шинэ агаарын хаалгыг “RIPEK” хэмээн нэрлэж, Дэглий цагаан-Кызылд нислэг үйлдэх томилгоог агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК авчээ.


Шууд нислэг үйлдсэнээр нислэгийн хугацаа багасаж, шатахуун хэмнэн зорчигчдод хямд үнэтэй агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдаа, соёлын солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.


ИНЕГ-аас Олон улсын иргэний нисэхийн байгууллагын тавьж буй стандарт шаардлага, зөвлөмжийг хэрэгжүүлэх, хөрш орнуудтай хамтран агаарын зайн зохион байгуулалтыг шинэчлэх, агаарын тээвэрлэгч нарын хүсэлтийг судлан, Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах хаалга болон агаарын замыг өөрчлөх, шинээр тогтоох ажлыг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж байна.

Холбоотой мэдээ