Олимпод оролцсон Монгол Улсын шигшээ багийн тугчид

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-27 13:12:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын наадмын нээлт болон хаалтын ёслолд оролцогч улс орнууд нь өөрсдийн туг далбааг өргөн мандуулснаар олимпизмын үзэл санаанд нэгдэж буйг илэрхийлдэг. Олимпын наадамд улсаа төлөөлөн багийн тугчаар жагсах нь тухайн тамирчинд нэр хүнд, хүндэтгэлтэй үйл хэрэг байдаг билээ.


Монгол Улсын баг тамирчид анх удаа Австрийн Инсбрук хотноо 1964 оны 1 дүгээр сарын 29-нөөс 2 дугаар сарын 9-нд зохион байгуулсан өвлийн олимпын  наадмын цагаан замд мөрөө гаргасан түүхтэй.

Тус наадамд Монгол Улс цанын 9, тэшүүрийн 3 тамирчнаа илгээж, нээлтийн ёслолд тэшүүрийн тамирчин Л.Цэнд төрийн далбааг өргөн барьж жагссан. Мөн “Гренобль-1968”, “Саппоро-1972” олимпын наадмуудад тэр бас тугч байж, төрийнхөө далбааг олимпын наадамд хамгийн олон удаа буюу гурвантаа залсан анхдагч тамирчин юм байна.


"Лейк Плесид-1980", "Сараево-1984" Өвлийн олимпын наадмуудад Монголын баг тамирчдын тугчаар цанын тамирчин Л.Дорж ажиллаж, хоёр олимын наадамд төрийн тугаа өргөн түүхэн хуудаснаа бичигджээ.


1988 онд Канадын Калгари хотноо болсон өвлийн олимпын XV наадамд гүйлтийн цанын тамирчин Д.Энхээ нээлтийн ажиллагаанд төрийн далбаагаа барин жагсаж олимпын наадамд төрийн далбаагаа залсан анхны эмэгтэй тамирчин болсон юм.


"Албервилль-1992" өвлийн олимпийн наадмын Монголын баг тамирчдын тугчийн үүргийг тэшүүрийн тамирчин Н.Ганболд гүйцэтгэсэн бол "Лиллехаммер-1994" олимпын наадамд /тэшүүр/ шорт трекийн тамирчин Б.Бат-Оргил ганцаараа эх орноо төлөөлөн оролцож, олимпын нээлтийн ёслолд төрийн далбаагаа залжээ.


1998 оны Японы Наганогийн өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын тамирчин Д.Очирсүх нээлтийн ажиллагаанд багийн тугчийн үүргийг гүйцэтгэсэн бол 2002 оны 2 дугаар сарын 08-24-нд АНУ-ын Солт Лейк хотноо болсон өвлийн олимпын наадамд цанын тамирчин Ж.Эрдэнэтүлхүүр багийн тугчаар ажилласан байна.


Өвлийн олимпын ХХ наадам Итали улсын Турин хотноо 2006 оны 2 дугаар сарын 10-26-нд зохион байгуулахад цаначин Х.Хаш-Эрдэнэ төрийн далбаагаа өргөн тугчийн үүрэг хүлээсэн аж.


2010 онд Канадын Ванкувер болон Вистлерт хотуудад зохион байгуулсан цагаан олимпын наадамд Монголын цанын тамирчин Э.Очирсүрэн төрийн далбаагаа залжээ.



Харин "Сочи-2014" олимпын наадмын Монголын баг тамирчдын тугчаар Б.Бямбадорж ажилласан бол "Пёнчан-2018" өвлийн олимпын наадамд цанын тамирчин Б.Ачбадрах олимпын тэнгэр дор төрийн далбаагаа залсан байна.


Монголын баг тамирчид зуны олимпын наадамд анх удаа "Токио-1964" олимпын XVIII наадамд оролцохдоо чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, дугуй, спортын гимнастикийн төрөлд нийт 21 тамирчин оролцож, тугчийн үүргийг хөнгөн атлетикийн тамирчин Ч.Найдан гүйцэтгэжээ.



Мексик улсын Мехико хотноо 1968 оны 10 дугаар сарын 12-27-нд болсон олимпын XIX наадамд Монголын чөлөөт бөхийн шигшээ баг бахдам амжилт үзүүлж, олимпийн анхны медалиудыг эх орондоо авч ирсэн юм. Энэ олимпын нээлтийн ёслолд чөлөөт бөхийн тамирчин Х.Баянмөнх төрийнхөө далбаагаа өргөн жагссан. Үүнийг тухайн үед  "Мехико-1968" Олимпын тойм нийтлэлд өгүүлснээр “...Чингис хааны, дундад зууны ээтэн гутлаар Мехикогийн олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг цөм цөм гишгэлэн жагсав” хэмээн бичсэн байдаг.


“Мюнхен-1972” зуны олимпын ХХ наадамд Монголын багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Б.Жамсран ажилласан бол "Монреаль-1976" олимпын ХХI наадамд тус чөлөөт бөхийн 62 кг-д барилдаж мөнгөн медаль хүртсэн З.Ойдов төрийнхөө далбааг залсан түүхтэй.


"Москва-1980" зуны олимпын XXII наадмын Монголын багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин З.Дүвчин ажиллажээ.



Харин "Сөүл-1988", "Барселон-1992", "Сидней-2000" олимпын наадмуудад жүдо бөхийн тамирчин Б.Бат-Эрдэнэ Монголын багийн тугчийн үүрэг гүйцэтгэж төрийнхөө далбааг олимпын наадамд гурвантаа өргөсөн хоёр дахь хүн болжээ.


Харин "Атланта-1996" олимпын наадамд манай багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Д.Сумъяабазар, "Афин-2004" олимпын наадамд жүдо бөхийн тамирчин Д.Нямхүү нар Монголын багийн тугийг тус тус залсан юм.


Монгол Улс олимпын анхны аваргуудаа өлгийдөн авсан "Бээжин-2008" зуны олимпын XXIX наадам 2008 оны 8 дугаар сарын 8-24-нд зохион байгуулахад Монгол Улсын багийн тугчаар жүдоч М.Баяржавхлан ажилласан юм.  



"Лондон-2012" олимпын наадамд марафонч Б.Сэр-Од төрийн далбаагаа залж, "Рио-2016" буюу Рио де Жанейрогийн олимпын наадамд эх орныхоо төрийн далбааг өргөн жагсах эрхэм үүргийг жүдоч Б.Тэмүүлэн хүлээсэн билээ.


Ийнхүү олимпын таван цагираг болон олимпын далбаа нь хүн төрөлхтний эв санааны нэгдлийг илэрхийлэх хамгийн чухал бэлгэдэл юм. Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцож байгаа улс бүрийн төрийн далбааг өргөн залж байрлуулах нь олимпизмын үзэл санааг дэмжин нэгдсэнийг илэрхийлэх хамгийн чухал үйл явдал юм.


Өвлийн олимпийн наадмын Монголын багийн тугчид:


“Инсбрук – 1964”, “Гренобль - 1968”, “Саппоро – 1972” – Л.Цэнд /тэшүүр/

“Лейк Плесид – 1980”, “Сараево – 1984” – Л.Дорж /цана/

“Калгари – 1988” – Д.Энхээ /цана/

“Албервилль-1992” – Н.Ганболд /тэшүүр/

“Лиллехаммер – 1994” – Б.Бат-Оргил /шорт трек/

“Нагано – 1998” – Д.Очирсүх /цана/

“Солт Лейк – 2002” – Ж.Эрдэнэтүлхүүр /цана/

“Турин – 2006” – Х.Хаш-Эрдэнэ /цана/

“Ванкувер – 2010” – Э.Очирсүрэн /цана/

“Сочи – 2014” – Б.Бямбадорж /цана/

“Пёнчан – 2018” – Б.Ачбадрах /цана/


Зуны олимпын наадмын Монголын багийн тугчид:


“Токио – 1964” – Ч.Найдан /хөнгөн атлетик/

“Мехико – 1968” – Х.Баянмөнх /чөлөөт бөх/

“Мюнхен – 1972” – Б.Жамсран /чөлөөт бөх/

“Монреаль – 1976” – З.Ойдов /чөлөөт бөх/

“Москва – 1980” – З.Дүвчин /чөлөөт бөх/

“Сөүл – 1988”, “Барселон – 1992”, “Сидней – 2000” – Б.Бат-Эрдэнэ /жүдо/

“Атланта – 1996” – Д.Сумьяабазар /чөлөөт бөх/

“Афин – 2004” – Д.Нямхүү /жүдо/

“Бээжин – 2008” – М.Баяржавхлан /жүдо/

“Лондон – 2012” – Б.Сэр-Од /хөнгөн атлетик/

“Рио – 2016” – Б.Тэмүүлэн /жүдо/

Холбоотой мэдээ