АНУ Н.Мадурог наркотерроризмын хэрэгт буруутгажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-27 11:45:28

ЛОНДОН. /BBC/. АНУ Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хар тамхи хууль бусаар хил давуулсан хэрэгт буруутгажээ. Үүнээс гадна Венесуэлийн Дээд шүүхийн дарга, Батлан хамгаалахын сайд зэрэг өөр хэд хэдэн өндөр дээд албан тушаалтныг буруутгасан байна.


Мадурог баривчлахад тус болох мэдээлэлд 15 сая ам.долларын шан амлаж байна гэж АНУ-ын Хууль зүйн сайд Уилья Барр мэдэгджээ.

 

АНУ-ын эрх баригчид Венесуэлийн Ерөнхийлөгч Н.Мадурогийн дэглэмийг авлигад автсан, харгис дэглэм хэмээн хэд хэдэн удаа буруутгаж байсан. Харин Н.Мадуро үүнийг нь няцаадаг юм.


Өнгөрсөн онд өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласан Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуйдог АНУ дэмждэг билээ.  


Нэгдүгээр сард АНУ Венесуэлийн төрийн өмчит газрын тосны “PDVSA” компанийн эсрэг хориг арга хэмжээ авч, тус компаниас газрын тос худалдан авахыг дотоодын компаниуддаа хоригложээ.


“Венесуэл иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн, мөн хар тамхи хууль бусаар хил давуулах үйл ажиллагаанд оролцдоггүй, ил тод, хариуцлагатай Засгийн газартай болох ёстой. Венесуэлээс хэсэг бүлэг хүмүүс хар тамхи хууль бусаар хил давуулснаараа ард иргэдийн итгэл найдварыг хөсөрдүүлж байна” хэмээн АНУ-ын Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ.


“АНУ-д кокаин ихээр нь оруулахын тулд Н.Мадуро Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин буюу “ФАРК” хэмээх босогчдын бүлэглэлтэй хамтран ажиллаж байна. Венесуэлийн ард түмэн зовж шаналж байхад хэсэг бүлэг хүмүүс халаасаа дүүргэж байна. Колумбын террористууд Мадурогийн дэглэмээс дэмжлэг авснаар Венесуэлд аюулгүй байх боломжоор хангагдаж, кокаин хууль бусаар хил давуулах үйл ажиллагаа явуулж байгаа юм" хэмээн Уилья Барр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.


"Н.Мадуро манай иргэдийн эрүүл мэндийг хохироож, улс орны сайн сайхан байдлыг алдагдуулах зорилгоор зориуд кокаиныг зэвсэг болгон ашиглаж байна” гэж АНУ-ын Холбооны прокурор Жеффри Бермэн мэдэгджээ. 


Түүнчлэн тэрбээр Н.Мадуро болон түүний хамсаатнуудыг “ФАРК” бүлэглэлтэй хамтран сүүлийн 20 жилийн туршид наркотерроризмын ажиллагаа явуулж байна хэмээн буруутгасан байна. Гэвч энэ талаар Венесуэлийн эрх баригчид албан ёсоор хариулт өгөөгүй байгаа юм.


Харин Н.Мадуро энэ талаар “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ, АНУ, Колумб манай улсын эсрэг үгсэн тохиролцож, хүчирхийлэл дэгдээхийг оролдож байна гэжээ.

  

Венесуэл

2013 оны 4 дүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Н.Мадуро ялимгүй илүү саналаар ялалт байгуулсан. Харин 2018 оны 5 дугаар сард болсон сонгуулийн үеэр зөрчил илэрсэн гэж олон улсын ажиглагчид мэдэгдээд байсан хэдий ч Н.Мадуро дахин Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. 


Венесуэл улс сүүлийн жилүүдэд гипер инфляци, үндэсний валютын ханш уналт, үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн, эм тарианы хомсдол дагуулсан нийгэм эдийн засгийн хүнд хямралыг туулж байгаа юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсыг 4.8 сая орчим хүн орхин явжээ.


Сөрөг хүчний удирдагч Хуан Гуйадо Н.Мадурог Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж чадахгүй байна хэмээн буруутгаж, өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласан билээ. Түүнийг АНУ, Европын Холбооны удирдагчид дэмжжээ. 


Харин Н.Мадуро засгийн эрхэнд хэвээр үлдэж, түүнийг ОХУ, БНХАУ, Куба улсууд дэмжсэн байна. 

Холбоотой мэдээ