Олимпын бэлгэ тэмдэг - Таван цагариг

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-26 14:06:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын наадам бол хүн төрөлхтөний спорт, эв нэгдлийн хамгийн том баяр наадам бөгөөд өнөө үеийн олимпын талаар спорт сонирхогчдод зориулсан Монголын үндэсний олимпын хорооноос бэлтгэсэн цуврал нийтлэлийг толилуулж байна.


“Токио-2020” зуны олимпын XXXII наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулахаар товлоод бэлтгэл ажлаа хангаад байсан юм. Харин шинэ коронавирусний халдварын тархалтаас дэлхий дахинд үүсээд буй аюултай нөхцөл байдлаас болж, “Токио-2020” олимпын наадмыг 2021 онд зохион байгуулахаар Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос албан ёсоор зарласан билээ.  


Олимпын наадам бол хүн төрөлхтний спорт, эв нэгдлийн хамгийн том баяр наадам бөгөөд өнөө үеийн олимпын талаар спорт сонирхогчдод зориулсан Монголын үндэсний олимпын хорооноос бэлтгэсэн цуврал нийтлэлийг толилуулж байна.


Олимпын хөдөлгөөн, олимпын наадмын  үйл ажиллагаанд зайлшгүй мөрдөн ажилладаг эрх зүйн тулгуур баримт бичгийг “Олимпын Харти” хэмээдэг.  Энэхүү баримт  бичиг нь ОУОХ-ны чуулганаар  батлагддаг  спорт, олимпизмын ”Үндсэн хууль” юм.


“Олимпын Харти”-гийн үндсэн зарчмууд:


1. Орчин үеийн олимпизмын үзэл санааг үндэслэгч  Пьер де Кубертин  бөгөөд түүний санаачилгаар 1894 оны 6 дугаар сард Парис хотноо Олон улсын тамирчдын их хурал болсон байна. Олон улсын олимпын хороо 1894 оны 6 дугаар сарын 23-нд байгуулагдсан. Үүнээс хойш зуун жилийн дараа 1994 оны 8 дугаар сард Парис хотноо Олимпын XII их хурал  хуралдсан нь “Эв нэгдлийн их хурал” гэж нэрлэгджээ.


2. Олимпизм бол хүний бие бялдар, хүсэл зориг, оюун ухааныг дээдэлсэн эрхэм зорилго бүхий амьдралын гүн ухаан юм. Олимпизм нь спортыг соёл, боловсролтой нэгтгэн, хичээнгүй зүтгэлийн үр дүн болсон баяр баясгалан хийгээд сайн үлгэр дуурайллын үнэт чанар, ёс зүйн түгээмэл үндсэн зарчмуудыг хүндэтгэх явдалд тулгуурласан сайн сайхан аж төрөх ёсыг төлөвшүүлэхийг эрмэлзэнэ.


3. Олимпизмын зорилго бол хүний эрхэм чанарыг хадгалахад санаа тавих энх амгалан нийгэм байгуулахад тус дэм болох үүднээс спортыг хүний өв тэгш хөгжлийн төлөө үйлчлэхэд чиглүүлэх явдал бөгөөд олимпын хөдөлгөөн нь дангаараа эсвэл бусад байгууллагатай хамтран ажиллаж өөрийн арга хэрэгслийнхээ хүрээнд энх тайвныг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулна .


Олимпын бэлгэ тэмдэг


“Олимпын бэлгэ тэмдэг” нь Олимпын Хартид заасны дагуу хоорондоо хэлхэгдэн холбогдсон адил хэмжээтэй өөр өөр өнгө бүхий таван цагаригийг хэлдэг. Үүнд дээд талдаа зүүнээс баруун тийш цэнхэр, хар, улаан харин доод талдаа шар, ногоон өнгөтэй цагаригууд байрладаг.


Таван цагаригийн өнгө нь Олимпизмын түгээмэл байдлыг бэлгэдэх бөгөөд цагаригийн таван өнгө болон түүний дэвсгэр цагаан өнгөний аль нэг нь олимпын наадамд өрсөлдөж буй улс орны туг, далбааны өнгөнд ямар нэгэн байдлаар оролцсон байдаг. Мөн олимпын таван цагариг нь олимпын наадамд оролцож буй Европ, Ази, Далайн орнууд, Африк, Америк гэсэн дэлхийн таван тивийг илтгэдэг.


Олимпын Хартид заасны дагуу ОУОХ нь олимпын таван цагаригийг өөрийн үйл ажиллагаандаа чөлөөтэй ашигладаг бол Үндэсний олимпын хороод нь олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах зорилго бүхий үйл ажиллагаанд ОУОХ-ны зөвшөөрлийн дагуу ашгийн бус зорилгоор хэрэглэх боломжтой байдаг.


Үндэсний олимпын хороод нь өөрсдийн бэлгэ тэмдэгтдээ тухайн улс үндэстний онцлогийг тодорхой агуулсан хэв загварт олимпын таван цагаригийг багтаан тусгасан байдаг.


Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ нь 1990 онд Олимпын Хартийн зарчмыг үндэслэн, шинэчлэн зохион байгуулагдаж, олимпын хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий хараат бус төрийн бус байгууллага болсноор бие даасан бэлгэ тэмдгийг хэрэглэж эхэлсэн түүхтэй. Тус бэлгэ тэмдэг нь манай үндэстний эртнээс эрхэмлэж ирсэн гал, сар, нарны дүрслэлийг олимпын таван цагаригтай чадамгай хослуулснаар ур хийцийн дахин давтагдашгүй, утга санаа төгөлдөр болж чадсан юм.


Бэлгэ тэмдгийн хамгийн дээр байрлах “гурван үзүүртэй гал” нь өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагт өтгөс, идэр, балчир гурван үеэрээ үүрд мандсаар байхын утгатай. Харин түүний доор байрлах “нар сар” нь мөнх тэнгэрийг төлөөлөн эгнэгт батжин бэхжих, энхжин мөнхжихийн бэлгэдэл юм. Ийнхүү Гал, Нар, Сар, Олимпын таван цагариг нь “Бадран мандаж буй Монгол Улсад Олимпын хөдөлгөөн мөнхөд түгэн дэлгэрэх болтугай” хэмээх утгыг хадгалжээ.


Олимпын Хартид заасны дагуу Олимпын таван цагираг болон тухайн Үндэсний олимпын хорооны бэлгэ тэмдгийг зөвшөөрөлгүйгээр ашиг, сурталчилгаа, арилжааны зорилгоор хэрэглэхийг хориглодог.


Олимпын далбаа


Дэлхийн улс орнуудын туг, далбаа нь үндэсний бахархлын бэлгэ тэмдэг нь байдаг бол Олимпын далбаа нь Спорт, Олимпын үнэт зүйлсээр дамжуулан олон улсын эв нэгдлийг илэрхийлдэг. Олимпын далбаа нь ямар нэгэн хүрээгүй цагаан суурьтай байх бөгөөд далбааны голд таван өнгө бүхий олимпын цагариг байрладаг.



Олимпын далбаа нь анх орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Барон Пьер де Кубертиний санаачилгаар 1914 онд Египетийн Александрия хотод зохион байгуулсан бүх Египетийн наадмын үеэр дэлгэгдсэн түүхтэй. Олимпын анхны далбаан дээр францаар “Alexandrie 5 Avril 1914”- /Александрия, 1914 оны 4 дүгээр сарын 5/ хэмээн тэмдэглэгджээ.


Харин албан ёсоор анх удаа олимпын наадмын тэнгэрт уг далбаа нь 1920 оны Бельгийн Антверп хотноо зохиогдсон VII олимпын наадмын нээлтийн ёслолоор мандсан юм. Үүнээс хойш олимпын далбааг тухайн олимпын наадмыг нээх ёслолын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн тугийн индэрт ёслол төгөлдөр өргөж, наадам үргэлжлэх хугацаанд мандуулж байх уламжлалтай болсон.


Энэхүү ёслолыг тухайн олимпын наадмыг зохион байгуулах хороо нь бүрэн хариуцдаг бөгөөд олимпын төв цэнгэлдэх хүрээлэнд төдийгүй уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын заал танхим, тамирчдын тосгон зэрэг бүхий л газарт Олимпын далбаа мандах ёстой ажээ.



Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос Олимпын далбааг залан мандуулах ёслолд үндэстнийхээ амжилт бүтээлээрээ нэрд гарч, сор болсон хүмүүсийг урин оролцуулдаг нь уригдсан хүмүүсийн хувьд ч амьдралд нь тохиох хосгүй их хүндэтгэлийн нэг болдог.



Олимпын наадмын хаалтын ёслолоор олимпын далбааг буулгаж, наадам зохион байгуулсан хотын захирагч дараагийн олимпын наадмыг зохион байгуулах хотын даргад хүлээлгэн өгдөг уламжлалтай. Тус ёслол нь хүн төрөлхтний их баяр болох олимпын наадам болон олимпизмын үзэл санаа түгэн дэлгэрэх, олимпын хөдөлгөөн үргэлжлэн өрнөхийг илтгэдэг.

Холбоотой мэдээ