Монгол Улс ойрын хугацаанд 750 иргэнээ эх орондоо авчирна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс ойрын хугацаанд гурван удаагийн тусгай нислэгээр 750 иргэнээ эх орондоо авчирахаар боллоо. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 2-ны өглөөний 8 цагт Сөүл рүү, дөрөвдүгээр сарын 3-ны өглөө 1:30 цагт Токио руу, дөрөвдүгээр сарын 4-ний өглөө 8:30 цагт Сөүл рүү тусгай онгоц нисэхээр болсон талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээллээ.
Дээрх нислэгээр ирэх иргэдийг хамгийн багадаа 21 хоног тусгаарлана. Түүнчлэн тухайн орондоо шинжилгээ өгсөн байх, тусгаарлах байрны төлбөрөө төлсөн байх хатуу шаардлага тавих аж.
Тэрбээр, "Манай улсын 4805 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гадаад улс дахь ЭСЯ-даар дамжуулан мэдэгдээд байна. Энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Иргэдээ татаж авахын зэрэгцээ халдвар оруулж ирэх эрсдэлийг хамгийн бага байлгахаар зорьж байна. Сөүл рүү хоёр нислэг үйлдэж байгаагийн учир нь эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн 50 хувь нь буюу 2000 орчим иргэн БНСУ-д байна" гэв.
ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: "Сөүлээс эхний онгоцоор ирэх хүсэлтэй 800 орчим хүн бичгээр хандсан. Хоёр дахь онгоцонд 250 хүнийг энэ жагсаалтаас буюу өмнө нь бүртгүүлсэн хүмүүсээс суулгана. Иргэдийг тухайн орондоо шинжилгээ өгсөн байх хатуу шаардлага тавьж байгаа. Тухайн оронд нь шинжилгээнд хамруулах ажлыг эрсдэл, хүндрэл чирэгдэл багатай зохион байгуулахаар манай ЭСЯ-д ажиллаж байна" гэлээ.
Тусгай нислэгт Мэргэжлийн хяналтын газраас байцаагч, эмч нар явах бөгөөд онгоцонд суулгахын өмнө болон нислэгийн явцад иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, биеийн байдалд хяналт тавина. Нислэгийн үеэр суудал солихгүй, хоол өгөхгүй, ариун цэврийн өрөө орохыг аль болох хязгаарлаж халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих юм. 20 асуулт бүхий эрүүл мэндийн асуумжийг үнэн зөв бөглөхөөс гадна илэрч буй шинж тэмдгээ үнэн зөв мэдүүлэхгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг МХЕГ-аас анхааруулж байна.
Ташрамд дурдахад, дэлхийн 100 гаруй улс иргэдээ гадаад улсаас татан авах ажиллагаа өрнүүлж байна. Өнөөдөр өглөө Монгол Улсад Австралийн Засгийн газар хүсэлт тавьж зургаан иргэнээ татаж авчээ. Энэ амралтын өдрүүдээр БНСУ мөн 200 орчим иргэнээ Монгол Улсаас татаж авахаар бэлтгэж байгаа аж.