Ариутгал, халдваргүйтгэлийн талаар гарч байгаа гомдлыг судлах үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-03-25 11:19:08
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд, орон сууцны орц, хонгилыг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг “бизнес” болгож байгаа талаар зарим бизнес эрхлэгчид шүүмжлэлтэй хандаж, цахим сүлжээгээр санал бодлоо илэрхийлсэн.

Тус аймгийн Засаг даргын А/83 тоот захирамжаар энэ сарын 20-ноос аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгж байгууллагууд, орон сууцны орц, хонгил, айл өрх, албан байгууллагын бие засах газар, бохир усны цооногт цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэх, орон нутгийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр нэвтрэх тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийхийг үүрэг болгосон байдаг.  

Энэхүү үйл ажиллагааг халдваргүйтгэл, шавж, мэрэгч устгалын үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байгаа ба үйлчилгээний үнэ ханшийн хувьд тухайн байгууллагын байрны 1м.кв тутмаас 300 төгрөгийн хураамж авч байна. Ариутгал, халдаргүйжүүлэлтийг өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед заавар, журмын дагуу 14 хоног тутамд хийх ёстой гээд үзэхээр аж ахуйн нэгж байгууллагууд нэлээд их мөнгө төлөх болж байгаа юм.

Шүүмжлэл гаргасан бизнес эрхлэгчийн зүгээс үйлчлүүлэгчдийн тоо цөөн, ашиг орлого муу байгаа энэ үед үйлчилгээний үнэ хөлс өндөр гарч, бизнест хүндрэлтэй байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн.   

Харин энэхүү асуудлаар ариутгал хийсэн “Сайн түшиг” ХХК-ийн төлөөлөгч М.Эрдэнэчимэг аймгийн Онцгой комиссын есдүгээр хуралдааны үеэр дараах тайлбарыг хийсэн юм.  

Тэрээр тайлбартаа “Бид нар шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод хоёрдугаар сарын зургаанаас эхлэн энэ ажлыг гүйцэтгэж байгаа. ЭМЯ-наас зөвшөөрөгдсөн Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн, хлор агуулсан гурван төрлийн бодисыг ашиглаж байна. Монгол Улсад бодис нийлүүлдэг хоёр газраас халдваргүйжүүлэх бодисоо худалдан авдаг. Нэг хайрцгийг 50,000 төгрөгөөр авдаг. Шинжилгээний бичигтэй, баталгаатай.

Үнэ ханшийг бид өөрсдөө дур мэдээд тогтоодоггүй. Мэргэжлийн байгууллагаас гаргасан үнэ тарифаар үйлчилгээ үзүүлж байгаа. Ингэж сөрөг мэдээлэл өгч байгаа нь бидний ажилд саад учруулж байна” гэсэн юм.

Дундговь аймгийн хэмжээнд “Сайн түшиг” ХХК болон “Наранбулаг” ХХК хүнс, худалдааны газруудад гэрээний үндсэн дээр улиралд нэг удаа ариутгал, халдваргүйжүүлэлт хийдэг ажээ.

“Сайн түшиг” ХХК нь энэ сарын 21-нээс хойш аймгийн төвд 60 гаруй аж ахуйн нэгж, сумын төвд 15 аж ахуйн нэгж, нэг цэцэрлэгт халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн 75 айл өрх, 53 орцоор орж, ариутгал, халдваргүйтгэлийн талаар ойлголт, мэдээлэл өгчээ.

Аймгийн Онцгой комиссын хурлаас дээрх асуудлыг судалж, үнэн, бодитой мэдээллийг иргэдэд өгөхийг ОБГ-т үүрэг болголоо. 

Холбоотой мэдээ