“Хэрэглэгчдийн хөгжил” нээлттэй өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬМонгол Улсын Засгийн газрын энэ оны 03 дугаар тогтоолоор 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан.
Засгийн газраас дэвшүүлсэн “Хэрэглэгчийн жил”-ийн зорилтын хүрээнд Дорноговь аймгийн ИТХ, ЗДТГ-аас төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, хэрэглэгчдэд соён гэгээрүүлэх, тэдэнд үйлчлэх зорилгоор төрийн үйлчилгээний байгууллагууд, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулсан “Хэрэглэгчдийн хөгжил” өдөрлөгийг дөрөвдүгээр сарын 27-нд Сайншанд хотод зохион байгууллаа.
Тус өдөрлөгт Мэргэжлийн хяналтын газар, Стандарчилал хэмжилзүйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс зэрэг аймгийн ЗДТГ-ын харьяа 17 агентлаг оролцож өөрсдийн зохион байгуулж буй ажил үйлчилгээг олон нийтэд сурталчлав.
Зах зээлийн нөхцөлд тухайн байгууллагууд хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ үзүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоог дээшлүүлэх улмаар хэрэглэгчийн эрхийг хангахад нь туслах, тэдний эрх ашгийг хамгаалахад өдөрлөгийн үйл ажиллагаа оршиж байгаа гэж зохион байгуулагчид онцоллоо.
Х.Эрдэнэбулган