Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-03-23 13:09:17

ТЕХРАН. /IRNA/. БНХАУ-аас илгээсэн хоёр сая “N-95” амны хаалт, таван сая гурван давхар амны хаалт зэрэг 64 тонн ачааг тээвэрлэсэн хоёр нисэх онгоц Ираны нийслэл Техран хотын “Imam Khomeini” олон улсын нисэх буудалд өнгөрсөн ням гарагт газарджээ.


Ираны Уул уурхай, аж үйлдвэр, худалдааны яамны төлөөлөгч Мухаммед Геблехийн мэдээлснээр, өнөө орой дахин тусламж ирэх бөгөөд тэдгээрийг Ираны Эрүүл мэндийн яам, Анагаахын шинжлэх ухааны их сургуульд тараах ажээ. Хятадын ард түмэн, Засгийн газар Иран руу одоогийн байдлаар эрүүл мэнд, эмнэлгийн 18 тусламжийг илгээсэн байна.


Иранд коронавирусээр халдварласан хүний тоо сүүлийн 24 цагийн дотор 1024-өөр нэмэгдэж, 21638 болсон гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах газрын дарга Киануш Жаханпур ням гаргийн орой мэдээлжээ. Тэдгээрээс нийт 7313 хүн бүрэн эдгэрчээ. 


К.Жаханпурын мэдээлснээр, тухайн хугацаанд 129 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 1685-д хүрчээ. Иранд сургуулиудын сургалтыг зогсоох, соёлын болон шашны цуглаануудыг цуцлах зэрэг халдварын тархалтыг хязгаарлахын тулд олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа ажээ. 

 

Холбоотой мэдээ