МХЕГ-ын даргаар ахлуулсан баг Орхон аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-03-22 17:47:02
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Улсын Онцгой комиссын гишүүн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүгээр ахлуулсан баг Орхон аймагт ажиллаж байна.

Тэд юуны өмнө ОХУ-аас ирсэн иргэдийг Орхон аймагт тусгаарласантай холбоотойгоор тэдний байрлаж буй байр,  ариутгал, халдваргүйтгэл, хоол үйлдвэрлэл, аюулгүй байдлын нөхцөл байдлын талаар аймгийн Засаг даргатай мэдээлэл солилцож бэлэн байдлыг сайтар хангасныг онцлон хэллээ.

Тусгаарлагдсан иргэдийн эрүүл мэнд, хоол, сэтгэл санаанд онцгой анхаарч ард иргэдэд мэдээ, мэдээллийг тогтмол хүргэж байхыг МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү холбогдох байгууллагын удирдлагуудад анхаарууллаа. Мөн хаврын хуурайшилт ихэсч буй энэ үед ой хээрийн болон ахуйн хүрээний гал түймрээс болгоомжлох,  иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэх,  хүүхдийн эрх, аюулгүй байдалд онцгой анхаарахыг үүрэг болголоо.

Энэ үеэр аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж цаашид нөөцөд 300 ор бэлдэх болон амны хаалт, ариутгалын бодисыг нөөцөлж нөөцөө нэмэгдүүлж байгаа гэв. Мөн өнөөдрийн байдлаар хотын төв, орон сууцны хорооллын нийт 1.2 сая м.кв талбайг ариутгаж, халдваргүйжүүлсэн байна. Аймгийн Онцгой комисс нийт 200 гаруй сая төгрөгийг зарцуулаад байна. 

Холбоотой мэдээ