Хустайн нуруунаас 20 илий авчран нутагшуулна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-03-21 11:06:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн түүхт 80 жилийн ойг угтаж “Алтайн халиун буга” ТББ Хустайн нуруунаас 20 илий авчран нутагшуулахаар болжээ. 


Энэ тухайгаа гуравдугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргатай уулзах үеэрээ илэрхийлсэн юм. Мөн нутагшуулах илийнүүдийг дасгах, хашааг өргөтгөх, бугын сүргийн тоо толгой, шилжилт хөдөлгөөний мониторинг судалгаа хийх, буга нутагшуулах төвийн материаллаг баазыг бэхжүүлэн аж ахуй, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэх бэлтгэл ажлын талаар Засаг даргад танилцууллаа.

"Уугуул нутгаа унаган төрхөөр нь" уриатай тус ТББ-ын тэргүүн Ц.Барсболд, гүйцэтгэх захирал Н.Энхсайхан, төслийг санаачлагч А.Эрдэнэбилэг, удирдах зөвлөлийн гишүүн Н.Батболд, Д.Амартүвшин, М.Эрдэнэбилэг нар аймаг, сумын удирдлагуудтай хамтран цаашид Хантайширын нурууны бугын цус сэлбэх, тоо толгойг нэмэгдүүлэх, байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх, нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Байгаль дэлхий, нутгаа гэсэн сэтгэлтэй залуусын санаачилга дэмжлэгээр Хантайширын нурууны халиун бугыг хамгаалах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой 2016 онд байгуулагдсан бөгөөд 2017 онд Төв аймгийн Хустайн нуруунаас 11 толгой халиун бугын зулзага (ил), 2018 онд  мөн 10 толгой илийг бугын цөм нутаг болох Халиун сумын Гүү бариач багийн нутаг Бэлчирийн салаанд амжилттай дасган нутагшуулж байгальд суллан тавьжээ.


Холбоотой мэдээ