Халдвартай иргэнтэй ойр байсан 75 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-03-20 13:56:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Берлин-Москва-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр энэ сарын 17-нд ирсэн нэг иргэнээс “COVID-19” халдвар илэрсэн. Тухайн иргэнтэй ойрын хавьтал болсон 75 хүнээс авсан шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Берлинээс ирсэн эмэгтэйтэй хамт явсан хүмүүсээс шинжилгээ авахад ойр байсан эхний 75 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Цаашлаад 156 хүний шинжилгээг хийж байна. Хэнтий аймагт өчигдөр шинэ коронавируст халдвар авсан байж болзошгүй нэг иргэнийг тусгаарласан. Шинжилгээний сорьц ХӨСҮТ-рүү ирж байгаа бөгөөд автобусанд хамт явсан 24 хүнийг хариу гартал тусгаарлахаар болсон. Уг иргэн Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн бөгөөд шинж тэмдэг илэрсэн” гэв.

Мөн Сэлэнгэ аймагт энэ сарын 18-нд тусгаарлагдсан 3 иргэн болон Истанбулаас ирсэн 24 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д коронавирусний халдвартай 6, сэжигтэй гэж үзсэн 7 иргэн эмчлүүлж байгаа аж.

Дэлхий дахинд коронавирустэй холбоотой мэдээллээр Европоос Ази тив рүү “COVID-19” халдвар зөөвөрлөгдөн орж ирэх магадлалтай хэмээн эрдэмтэд үзэж байна. Итали улсад халдвар эрчимтэй тархсан хэвээр байна. Түүнчлэн Африк тивийн 54 улсаас 34 оронд халдвар бүртгэгдэж ихэнх улс хилээ хаажээ. Хэрэв Африк тив “COVID-19” халдварын эсрэг шуурхай арга хэмжээ авахгүй бол халдвар газар авах эрсдэл маш өндөр гэж үзэж байна.

Холбоотой мэдээ