“Крымийн хавар”-ын ойн өдөр Путин Севастопольд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-18 15:31:50

МОСКВА. /RIA Novosti/. Өнөөдөр Крымийн хойг ОХУ-д нэгдсэний ой тохиож байна. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин энэ өдрийг Крымд тэмдэглэн өнгөрүүлнэ. Тэрбээр Севастополь айлчилж, иргэдийн төлөөлөлтэй уулзахаас гадна, Крымийн гүүрийг барьсан хүмүүст төрийн шагнал гардуулна.


Оросын төрийн тэргүүний Крымд хийх ажлын айчлал хоёр өдөр үргэлжилнэ. Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр,  Путин мөн Крымийн тэргүүн Сергей Аксенов, Севастополь хотын захирагчийн үүргийг түр гүйцэтгэгч Михаил Развожаев нартай уулзана.


Крымийн хавар

Энэ жил Крымийн хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд орсны зургаан жилийн ой тохиож байгаа юм. 2014 оны гуравдугаар сарын 16-нд явуулсан бүх нийтийн санал асуулгаар Крымийн иргэдийн 96.77, Севастополийн оршин суугчдын 95.6 хувь нь Украинаас салж ОХУ-д нэгдэхийг дэмжсэн юм. Үүнээс хоёр хоногийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч, Крымийн удирдлага, Севастополь хотын захирагч нар Крым, Севастополийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 


2014 оны хоёрдугаар сард Украинд төрийн эргэлт хийсний дараа Крымийн эрх баригчид бүх нийтийн санал асуулга явуулсан юм. Украины эрх баригчид Крым бол тус улсын нэг хэсэг бөгөөд түр хугацаагаар эзлэгдсэн газар нутаг гэж үзсэн хэвээр байгаа билээ. Харин Крымийн иргэд ардчилсан замаар, олон улсын хууль тогтоомж, НҮБ-ын Дүрмийн дагуу ОХУ-тай нэгдэх санал өгсөн гэж Оросын эрх баригчид нэг бус удаа мэдэгдсэн. 


Барилгачдад гардуулах шагнал

Зөвхөн бүс нутагтаа төдийгүй нийт улс орны хувьд сүүлийн жилүүдэд хийгдэж буй бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн нэг бол Крымийг Керчийн хоолойгоор Оростой холбосон гүүр юм.


Краснодарын хязгаарыг Крымийн хойгтой холбосон уг гүүр нь Оросын хамгийн урт гүүр бөгөөд 19 км урт байна. Крымийн гүүрийн автомашины хэсгийг 2018 оны тавдугаар сард, төмөр замын хэсгийг 2019 оны 12 дугаар сард нээсэн билээ.


Энэ өдрүүдэд Путин гүүрний бүтээн байгуулалтад оролцсон хүмүүсийг шагнаж урамшуулах зарлигт гарын үсэг зуржээ. Тэрбээр Крымийн гүүрийг барьсан "СГМ-Мост" компанийн эзэн, бизнес эрхлэгч Аркадий Ротенберг,  “Мостотряд-125” компанийн угсрагч Николай Зайков нарыг ОХУ-ын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан байна.


Мөн энэхүү бүтээн байгуулалтад оролцсон 100 гаруй хүнийг "Крымийн гүүрийг барихад оруулсан хувь нэмэр, олон жилийн туршид шударга ажил хийснийх нь" төлөө төрийн бусад шагналаар шагнажээ. Тухайлбал, "Мостотрест" компанийн ерөнхий инженер Андрей Конных, түүний орлогч Вячеслав Климов, цахилгаан гагнуурчин Дмитрий Гаврилов, "Стройгазмонтаж" компанийн орлогч захирал Леонид Рыженкин нарт  "Эх орны төлөө гавьяат зүтгэлтэн" III зэргийн одон гардуулна.


Холбоотой мэдээ