БЗХӨ-өөр 16-35 насныхан өвчлөх нь их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт өнгөрсөн онд БЗХӨ-ний үзүүлэлт буурсан ч бусад аймагтай
харьцуулахад өндөр хэвээр байгаа юм. Насны хувьд бэлгийн замын халдвараар 16-35
насныхан зонхилж байна гэж БОЭТ-ийн БЗХӨ, ХДХВ, ДОХ-ын кабинетаас мэдээлэв. Иргэд
урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хандлага сул байгааг ч анхааруулж
байна.
Тус кабинетаас жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулж, өнгөрсөн онд л
гэхэд арван мянган хүн хамруулахаар төлөвлөснөөс 70 гаруй хувьтай биелүүлжээ.
Сүүлийн жилүүдэд эрсдэлт бүлгийнхнээс гадна төрийн алба хаагчид, ЕБС-ийн ахлах
ангийн сурагчид зэргээр иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт өргөн хүрээтэй
хамруулж байгаа юм. Мөн насны хязгаар заах нь учир дутагдалтай гэдгийг ч мэргэжлийн
эмч хэлж байна. Учир нь 2018 онд л гэхэд хөдөөгийн нийт суманд үзлэг хийж,
45-аас дээш 60 хүртэлх насныхныг хамруулахад өвчтэй тохиолдол багагүй гарчээ.
Дорнод аймагт ХДХВ-ээр өвчилсөн наймаас есөн хүн бүртгэгдсэн. Гэхдээ
дийлэнх нь Улаанбаатар хотод ХӨСҮТ-д хяналтад байдаг аж.