Монголын улс төр өнгөрч буй долоо хоногт...

Монголын мэдээ | Тойм
ariunbold@montsame.mn
2020-03-15 11:19:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


Монгол Улсад бүргэгдсэн “COVID-19”-ийн анхны тохиолдлын эргэн тойронд



Монгол Улсад ажилладаг франц иргэнээс “COVID-19” илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс (УОК) энэ сарын 10-ны 6.00 цагт яаралтай хуралдлаа. Москва-Улаанбаатарын онгоцоор энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Францын иргэн энэ сарын 7-ноос халуурч эхэлжээ. Улмаар  эхний шатны шинжилгээгээр "COVID-19" илэрсэн бөгөөд Дорноговь аймагт тусгаарлаж байгаад маргааш нь Улаанбаатар хотод авч ирсэн юм.


УОК-оос нэн тэргүүнд хамт ирсэн, ажлын байранд цуг байсан, нэг буудалд буусан зэрэг хүмүүсийн мэдээллийг нэгтгэн гаргах ажлыг тусгай хүчний байгууллагуудад үүрэг болгожээ. Мөн энэ сарын 10-ны 07.00 цагаас энэ сарын 16-ны 07.00 цаг хүртэл Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоосон юм.


БНХАУ-д айлчлаад өнгөрсөн сарыг 27-ноос 14 хоног тусгаарлалтад ороод байсан Ерөнхийлөгч Х.Баттулга үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 10-нд ажилдаа орж, ҮАБЗ-ийг хуралдуулан Засгийн газар, УОК-т хэд хэдэн зөвлөмж хүргүүлсэн. Энэ дагуу тухайн өдөр Засгийн газар болон УОК шуурхай хуралдлаа. Хуралдаануудаас Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар, Улаанбаатар-Нур-Султан-Улаанбаатарын хуваарьт нислэгийг энэ сарын 11-ний 06.30 цагаас 28-ныг дуустал зогсоохоор шийдвэрлэлээ.


Нислэг зогсоосон хугацаанд дээрх орнуудаас эх орондоо яаралтай ирэх шаардлагатай иргэдийг УОК-ын шийдвэрээр МИАТ компанийн онгоц очиж авах аж. Мөн хуралдаанаар Монгол Улс, ОХУ-ын хилийн автозамын боомтоор Орос руу зорчих Монголын иргэд, ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөнийг энэ сарын 29 хүртэл, Мөн Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатарын галт тэргийг энэ сарын 28-ныг хүртэл түр зогсоожээ.


Энэхүү шийдвэрийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулахдаа, “ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монголын иргэн, Монголоос ОХУ руу гарах хүсэлт тавьсан гадаадын иргэнийг зохион байгуулалтай, тусгай журмаар хил нэвтрүүлнэ. Монгол болон ОХУ-ын төмөр замын ажилтнуудыг хэвийн нэвтрүүлэх юм. Ингэснээр ачаа тээвэр хэвийн үйлчилнэ” гэлээ.



Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг энэ сарын 12-нд хүлээн авч уулзлаа. Элчин сайд Филипп Мэрлин Монголд Улсад "COVID-19" халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж буйгаа илэрхийлсэн. Мөн Францын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлснийг уламжиллаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбар, эмч нар тус улсын иргэнийг эмчилж чадна гэдэгт итгэж байгаагаа хэлсэн юм.


Ташрамд дурдахад, УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19"-ийн шинжилгээг энэ сарын 10-нд өгсөн бөгөөд хариу нь "сөрөг" буюу халдваргүй хэмээн гарчээ. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 6-нд ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар ирсэн ХБНГУ-ын “ASB” байгууллагын төлөөлөгчийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзсан. “ASB”-гийн төлөөлөгч энэ сарын 2-нд “Аэрофлот”-ын онгоцоор Монголд ирсэн бөгөөд халдвар илэрсэн франц иргэнтэй хамт зорчсон байсан тул УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19"-өөс сэргийлэх зорилгоор шинжилгээ өгчээ. Одоогоор франц иргэнтэй ойр байсан 215 хүнээс авсан шинжилгээгээр “COVID-19” илрээгүй гэдгийг ХӨСҮТ-ийн удирдлагууд энэ сарын 14-нд мэдээлсэн юм.


Ч.Улаан: Иргэд хүнсний бүтээгдэхүүн нөөцлөх шаардлагагүй


Монгол Улсад хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан энэ сарын 10-нд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлэв. Монгол Улсад “COVID-19”-өөр халдварласан анхны тохиолдолд бүртгэгдсэний улмаас иргэд хүнсний хомсдол үүсэх магадлалтай хэмээн таамаглаж буй юм. Тэгвэл мах, гурил, будаа зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц хангалттай байгааг Ч.Улаан сайд онцолсон юм.



Тэрбээр, “Энэ онд улсын хэмжээнд 12 мянган тонн мах нөөцөлсөн. Үүнийг Улаанбаатар хотод 279 дэлгүүрээр борлуулж буй. Үүний цаана аж ахуйн нэгжүүд экспортод гаргахаар бэлдсэн махны нөөц мөн бий. Өнгөрсөн жил өдөрт дунджаар 60-70 тонн мах л нийлүүлдэг байсан бол энэ жил 100-130 тонн мах нийлүүлнэ. Энэ бол бараг нэг жилийн хэрэгцээ тул махны хомсдол үүсэхгүй. Гурилын үйлдвэрүүдэд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах улаанбуудайн нөөц бий. Үүнээс гадна өнгөрсөн сард зайлшгүй шаардлагатай стратегийн нөөцөө бэлдэх үүднээс 100 мянган тонн улаанбуудай импортлохоор болж, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулсан. Одоогоор 3-4,5 дугаар сарын гурилын нөөц бий. Бүх төрлийн будааны нөөц 2-4 сар, элсэн чихрийн нөөц 3 сар хүрэлцэнэ. Ургамлын тос 2.5 сарын нөөц байгаа” хэмээв.


Зах зээлийн зарчмаар эрэлт их байгаа үед үнэ савлах магадлалтай. Тиймээс иргэд нөөц хангалттай үед огцом эрэлт үүсгэж, үнэд нөлөөлөхгүй байхыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан хэллээ.


“Тэнгэрийн тойрог”, “Дүүжин тээвэр” төсөл хэрэгжүүлнэ



“Алсын хараа-2050”, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгасан “Тэнгэрийн тойрог”, “Дүүжин тээвэр” төслийг хэрэгжүүлнэ. Засгийн газрын энэ сарын 11-ны ээлжит хуралдаанаар ийнхүү шийдвэрлэснийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.


“Хотын зам” компанийн судалгаа, шинжилгээнд тулгуурлан нийслэлийн А бүсэд 6-12 метрийн өндөрт 10 гаруй км урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, төлбөртэй, орох, гарах 27 цэгтэй зам барих “Тэнгэрийн тойрог” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Замыг Сансарын аюулгүйн тойрог-Зүүн 4 зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун 4 зам-Гэсэр сүм-100 айл-Сансарын тойрог гэсэн чиглэлээр барих аж. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр автозамын түгжрэл 46.5 хувиар, агаарын бохирдол 20 хувь буурна хэмээн тооцсон гэдгийг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.


Тэрбээр, “800 сая ам.доллароор тавих энэхүү замаар зорчих нийтийн тээврийн хэрэгсэл бүрээс нэг ам.долларын төлбөр авахад зургаан жилийн дотор санхүүжилтээ нөхөх боломжтой. Төслийг зураг төсөл боловсруулах, зам тавих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй, 25 жилийн хугацаатай концессын гэрээгээр барих юм” гэлээ. Төслийг 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэсэн тооцоолол байгаа" гэлээ.


Нью-Йорк, Москва, Анкара зэрэг томоохон хотод хэрэглэж буй “Дүүжин тээвэр” төслийг Олон улсын хөгжлийн ассоциацын 60.7 сая еврогийн зээлээр хэрэгжүүлнэ. “Дүүжин тээвэр” нь Баянхошууны уулзвар-Ханын материал-3, 4 дүгээр хорооллын эцэс буюу 4.9 км зорчих юм. Мөн Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойрог чиглэлд 5.4 км урт, гурван зогсоолтой зам тавихаар төлөвлөж байна. Бүгд Найрамдах Франц Улсын 60.7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх энэхүү төслийн ТЭЗҮ-ийг НЗДТГ-т хийж байгаа аж.  60,7 сая еврогийн зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 12 жил чөлөөлөгдөхөөр Санхүүгийн хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.


Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгоно


Засгийн газрын энэ сарын 11-ны ээлжит хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвс Улсын нөөцөөс үнэгүй олгох болов.



Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ. Түүнчлэн Улаанбаатар хот болон зарим аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад “УАЗ-22069” маркийн фургон болон “УАЗ-315195” маркийн хантер автомашин, гэр, завь, хөдөлмөр хамгааллын хувцас, жавелин, спирт агуулсан уусмал, тамедин, химодин, амны хаалт олгох аж. 2019 оны сүүлийн хагаст болсон гамшгийн голомтод ажилласан алба хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд зөвшөөрөв.


МБХ-ноос зээлийн хүүгийн бодлогыг өөрчлөхөө мэдэгдэв


“COVID-19”-ийн халдвар Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор Монголын банкны холбоо (МБХ)-ноос арилжааны банкуудын зээлийн хүүгийн бодлогод өөрчлөлт хийхээр төлөвлөж буйгаа Засгийн газарт мэдэгджээ. Тодруулбал, Засгийн газрын энэ сарын 11-ний ээлжит хуралдаанд тус холбооны тэргүүн оролцож, зээлийн хүүгийн талаар санал солилцсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв.



Тэрбээр, “Засгийн газраас “COVID-19”-ийн халдвар эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх бодлого боловсруулан ажиллаж байгаа. Өнгөрсөн удаад Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд алданги тооцохгүй байх, нөхөн төлүүлэх, түрээсээ буулгасан худалдааны төвүүдийн татварыг тэглэх зэрэг шийдвэр гаргасан. “COVID-19”-ийн тархалтын үед улс орнууд эдийн засгаа хамгаалахаар боловсруулсан бодлогод Олон улсын валютын сан судалгаа хийсэн. Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогыг цаг үеэ олсон, зөв шийдэл хэмээн дүгнэсэн байна. Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ 1 хувиар буулгаж, арилжааны банкуудын Заавал байлгах нөөцийн хэмжээ 10.5 хувь байсныг 8.5 хувь болгохоор шийдвэрлэсэн. Тиймээс МБХ-ноос Засгийн газрын бодлогыг дэмжиж, зээлийн хүүгийн талаар тодорхой шийдвэр гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн” хэмээв.


Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн хүүгийн асуудлаар ББСБ-уудтай хамтран ажиллаж байгааг онцолсон юм.

Холбоотой мэдээ