“Хар даваа гараг”-ийн дараа ханш өсөх магадлал

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2020-03-13 17:53:07

Сүүлийн гурван жилийн турш нефтийн үнийг унагалгүй барьсаар ирсэн нефть олборлогч орнуудын ОПЕК+ гэдэг бүтэц даваа гарагт бутран сарнилаа. Үүнээс шалтгаалан нефтийн үнэ 50-аас 31 доллар болж шууд 30 хувиар уруудсан  нь 1991 оны Персийн булангийн дайнаас хойш болоогүй гэнэтийн үзэгдэл байв.


Үүний улмаас дэлхийн томоохон хөрөнгийн биржүүдийн гол индексүүд огцом унасан тул арилжааг зогсоожээ. Оросын рублийн ханш мөн огцом доошилж, нэг доллар 75 рубль, нэг евро 85 рубльтэй тэнцэж байна. Биржүүд дээр уналт явагдсаар, “хар даваа гараг”-ийг залгуулаад бусад хар гарагууд үргэлжилсээр. Хамгийн сүүлд, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гол индексүүд пүрэв гарагийн арилжаа хаагдах үед 9 гаруй хувиар огцом унасан нь 1987 оноос хойш болоогүй үзэгдэл юм.


Нефть экспортлогч улсуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн орнууд болон ОХУ зэрэг гишүүн бус хэд хэдэн улс 2016 оны сүүлчээр газрын тосны үнийг унагахгүйн тулд олборлолтоо танахаар тохиролцсон билээ. Тухайн үед АНУ-д “занарын хувьсгал” ид өрнөж, занараас нефть гарган авах шинэ технологи нэвтэрснээс үүдэн дэлхийн зах зээлд газрын тосны илүүдэл бий болоод байсан юм.


Харин ОПЕК+ гэдэг бүтэц бий болж, түүнд оролцогчид олборлолтоо танаж, зах зээл дэх нөөцийн илүүдлийг арилгаснаар 2016 оны эцэст 45 доллар/баррель байсан нефтийн үнэ 2018 оны эхээр 70 долларт хүрч байв. Тус бүтцийн орнууд байнга уулзалт хийж, олборлолтоо үргэлжлүүлэн танах эсэх, таналтаа дахиад нэмэгдүүлэх эсэхээ хэлэлцдэг байв.


Энэ удаад коронавирусийн тархалтын улмаас нефтийн үнэ унаж буйг зогсоохын тулд ОПЕК+ бүтцийн сайд нар яаралтай хуралдаж, олборлолтоо нэмж танаснаар үнэ өснө гэсэн таамаг давамгайлж байлаа. Гэтэл олборлогчид хоорондоо хэл амаа ололцож чадсангүй. Оны эхээр АНУ-Ираны харилцаа хурцдах үед 70 долларт хүрээд байсан түүхий нефтийн ханш 2 дахин доошилсны учир юу вэ?


Юу болоод өнгөрөв өө?


3 дугаар сарын 6-ны өдөр Вена хотод болсон ОПЕК-ийн гишүүн ба гишүүн бус улсуудын сайд нарын ээлжит бус хуралдааны үеэр ОПЕК-ийн лидер гэгддэг Саудын Арави тэргүүтэй гишүүн улсууд олборлолтыг хоногт 2,1 сая баррелиар танах тухай одоо үйлчилж буй хэлэлцээрийг сунгах, мөн олборлолтыг дахиад 1,5 сая баррелиар бууруулах санал дэвшүүлжээ. Үүний шалтгаан нь Хятад улсад коронавирусийн халдвар тархсаны улмаас эрэлт буурч, боловсруулах үйлдвэрүүд түр зогссонтой холбоотой. Нийт 3,6 сая баррель гэдэг бол дэлхий даяарх хоногийн хэрэглээний 4 хувь гэсэн үг.


Орос улсын хувьд, хэлэлцээрийг сунгахыг зөвшөөрсөн боловч олборлолтыг дахин бууруулах саналыг хүлээж авсангүй. Хэлэлцээ 5 цаг үргэлжилсэн боловч Оросын байр суурь өөрчлөгдөөгүй учраас амжилтгүй дуусчээ. 


Оросуудаас таагүй хариу хүлээж авсан ОПЕК-ийн орнууд одоогийн хэлэлцээрийг сунгахаас татгалзсан төдийгүй Саудын Арави улс олборлолтоо хоногт 2 сая баррелиар нэмэгдүүлж, сүүлийн 20 жилийн хугацаанд байгаагүй хөнгөлөлттэй үнээр нефтиэ зарж эхэлнэ гэж сүрдүүллээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд чанд мөрдөгдсөөр ирсэн дээрх хэлэлцээр энэ сарын 31-ний өдөр дуусгавар болсноор 4 дүгээр сарын 1-нээс эхлэн ОПЕК-ийнхон ба ОПЕК-ийн бус орнууд бие биенийхээ өмнө ямар ч үүрэг хүлээхгүй болж, хүчин чадлынхаа хэмжээгээр олборлолт явуулж эхлэхэд саад тотгор үгүй болжээ.


Transversal Consulting гэдэг эрчим хүчний салбарт зөвлөгөө өгөх компанийн ерөнхийлөгч Эллен Уалд-ын үзэж байгаагаар, ОПЕК+ бүтцийн дотор зөрчил, үл ойлголцол аль хэдийнээс хуримтлагдсаар ирсэн бөгөөд коронавирус тархсанаар эл  зөрчил ил гарч иржээ.   


Эр-Риядын зорилго


Саудын Аравийн эрх баригчид өрсөлдөгчөө цуцаах дайн хийж эхэллээ гэж шинжээчид үзэж байна. Олборлолтыг эрс өсгөснөөр үнэ ёроолдоо хүртэл унах нь гарцаагүй бөгөөд үүний улмаас зарим олборлогчид зах зээлээс шахагдан гарах тэр үед саудчууд орон зайг нь эзлээд, үнийг зоргоороо тогтоож эхэлвээс үүнд хэн ч саад хийж чадахгүй.  Тэгээд ч нэг баррель нефтийн үнэ 30 доллар болж буурах үед ашигтай ажиллаж чадах цорын ганц олборлогч бол Саудын Арави гэж Вашингтон дахь Эдийн засаг, улс төрийн судалгааны төвийн захирал Д.Бейкер үзэж байна. “Оросын зарим нефть олборлогч компаниуд ашиг олж болох юм, харин бусад улсын олборлогчид ашигтай ажиллах ямар ч боломжгүй, тэр тусмаа үнэ 40-50 доллар байх үед арай чүү ашиг олдог Америкийн занарын нефть олборлогчдын хувьд бүр ч боломжгүй” гэж Бейкер ярилаа.


Ташрамд дурдахад, Саудын Аравид нэг баррель олборлоход ердөө 2,8 долларын зардал гардаг бол Америкийн Exxon Mobile компани 16 доллар, Оросын “Роснефть” 20 долларын зардал гаргадаг байна. Гэхдээ нефтийн салбарт үнэ бүрэлдэхэд шууд бус зардлууд маш ихээр нөлөөлдөг. Жишээ дурдахад, хамгийн бага өртгөөр олборлолт явуулдаг Саудын Аравийн улсын төсөв нь нефтийн үнэ 85 доллар байх үед алдагдалгүй байдаг бол Оросын хувьд энэ босго 42 доллар юм.  

"Сауди Арамко" компанийн байгууламж 


Саудчууд бол өмнө нь демпинг хийж, үнийг навс унагаж байсан арвин “туршлагатай” хүмүүс. Тухайлбал, 1985 онд нефтийн үнэ огцом унасан нь ЗХУ-ыг задрахад хүргэсэн шалтгаануудын нэг юм. Харин өнөөгийн Орос улсын хувьд нөхцөл байдал тэс ондоо билээ. Өдгөө Саудын Аравийг удирдаж буй угсаа залгамжилсан ханхүү Мохаммед бин Салман зах зээлийн орон зайгаа тэлэхийн тулд урьдчилан таамаглахын аргагүй эрсдэлтэй алхмуудыг нэг бус удаа хийж байжээ.


Коронавирусийн халдварын тархалтын улмаас эрэлт буурчихаад байгаа энэ үед дэлхийн хамгийн том экспортлогч болох Саудын Арави ямар учраас ийм эрсдэлтэй алхам хийв ээ?


Саудчууд олборлолтоо эрс нэмэгдүүлж, нефтиэ маш хөнгөлөлттэй үнээр борлуулахаар шийдсэн нь ОПЕК+ бүтцийг дэмжихээс татгалзсан Оросыг шийтгэж, түүний эсрэг үнийн дайн явуулж буйн илрэл хэмээн шинжээчид дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, Эр-Рияд нефтийн экспортоор тэргүүлэх байр сууриа хадгалахын тулд Орос, Казахстан болон бусад олборлогчидтой шууд сөргөлдөхөд бэлэн байгаа нь харагдлаа.  


Гэхдээ өрсөлдөгчдийнхөө орон зайг булаан эзэлж чадна гэж тооцоолж буй Саудын Аравийн алхам өөрт нь ашигтай гэдэгт ажиглагчид эргэлзэж байна. Тус улсын эдийн засаг нефтиэс хэт их хамааралтай бөгөөд үнийн уналтаас найдвартай хамгаалагдаж чадаагүй байгаа юм.  Тухайлбал, “хар даваа гараг”-ийн үеэр “Сауди Арамко” компанийн хувьцааны ханш шууд 10 хувиар унаж байх жишээтэй.


Москвагийн зорилго


Оросын хувьд, коронавирус дэлхийн эдийн засаг ба нефтийн эрэлтэд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг харзнах үүднээс хэлэлцээрийг 2 дугаар улирал дуустал сунгая гэсэн саналтай байсан бол ОПЕК-ийн түншүүд олборлолтоо нэмэгдүүлж, зах зээлд эзлэх хувь хэмжээгээ нэмэгдүүлэхээр шийдсэн учраас уулзалт бүтэлгүйтсэн гэдгийг Оросын Эрчим хүчний сайд А.Новак дурдлаа. 


Олборлолтыг нэмж танахаас Оросын тал татгалзсан нь түүний зах зээлд эзлэх хувь багасч байгаатай холбоотой гэж Блүүмбэрг агентлагийн шинжээч дүгнэж байна. Учир нь, ОПЕК+ бүтцэд багтдаг орнууд олборлолтоо бууруулснаас үүдэлтэй ашгийг Америкийн занарын нефть олборлогчид хүртэж байгаад Оросын тал дургүйцдэг. Өөрөөр хэлбэл, олборлолтыг хэд хэдэн удаа танаснаар зах зээлд гарч ирсэн нийлүүлэлтийн сул орон зайг Америкийн занарын нефть тэр дор нь нөхөж байсан гэж “Роснефть”-ийн төлөөлөгч мэдэгджээ. Олборлолтыг дахиад танах нь америкчуудад бэлэг барьсантай адил бөгөөд АНУ олборлолтоор дэлхийд тэргүүлж, Оросын худалдан авагчдыг урвуулан татна гэж Москва болгоомжилж байгаа нь илт. Ийм учраас оросууд ОПЕК+ бүтцээс гарснаараа Америкийн нефтийн салбарт цохилт өгнө гэж шинжээчид үзэж байна.


Түүнээс гадна, Оросын эрчим хүчний компаниуд, тэдгээрийн дотор “Роснефть”-ийн эсрэг АНУ хориг арга хэмжээ авсан, түүнчлэн америкчууд “Умардын урсгал-2” хийн хоолой барих ажлыг зогсоохоор оролдож байгаа нь Кремлийн дургүйцлийг төрүүлжээ.


Оросууд олборлолтоо нэмж танахаас татгалзсанаар “хар даваа гараг” тохиосон учраас түүний үр дагаврыг, тодруулбал, Саудын Аравийн гаргасан шийдвэрийн хор уршгийг урьдаас тооцоолсон нь лавтай. ОХУ-ын Сангийн яамны мэдээлэлд дурдсанаар, тус улсын Үндэсний баялгийн санд одоогоор 150 тэрбум доллар хуримтлагдаад байгаа бөгөөд энэ мөнгө нь нефтийн үнэ 25-30 доллар байх үед төсөвт учрах алдагдлыг 6-10 жилийн хугацаанд нөхөж чадах ажээ.


Ташрамд дурдахад, Оросын төсвийн орлогын 1/3-ийг нефть-хийн салбар бүрдүүлдэг ба нефтийн үнэ 42 доллароос давсан үед орж ирж буй орлогыг Үндэсний баялгийн санд хуримтлуулдаг байна.


Үнэ өсөх ба буурах магадлал


“Хар даваа гарагт” навс унасан нефтийн ханш алгуур өссөөр 36 долларт хүрээд байгаа боловч үнэ тогтворжиж байна гэж хэлэхэд арай эрт байна. Үнэ дахин хэлбэлзэх магадлал өндөр байгаа, гэхдээ ерөнхийдөө хөрөнгө оруулагчдын сэтгэл санаа арай өөдрөг болсон нь харагдлаа. Хятадын шинжээчдийн үзэж байгаагаар, энэ сард нефтийн үнэ ёроолдоо хүртэл унах ба 4 дүгээр сараас өсөж эхлэх төлөвтэй байгаа аж. Учир нь, коронавирусийн тархалтын оргил үе өнгөрсөн гэж Хятадын тал пүрэв гарагт мэдэгдсэн нь үнэ өсөх магадлалыг илүү бодитой болгож байгаа юм.


Ер нь бол, эдийн засгийн аливаа процесс нь тодорхой мөчлөгтэйгээр явагддаг учраас үнийн өсөлт эхлэхийн өмнө үнэ ямар ч байсан “ёроолын цэг” гэгдэх мөчлөгийн хамгийн доод түвшинд хүрсэн байх учиртай. Тэр цэг нь энэ удаад 31 доллар байв бололтой.


Оросын Нефть-хийн холбооны шинжээч Рустам Танкаев-ын таамаглаж байгаагаар, үнэ ойрын үед 40 доллар орчимд хэлбэлзэх бололтой.  Харин Голдман Сакс банкны шинжээчид дээрх тоонуудыг эрс бууруулж, 2 ба 3 дугаар улиралд үнэ 20 доллар руу уруудна гэж үзэж байна.


Үнэ ийм доогуур түвшинд хадгалагдах нь Хятад, Япон, Өмнөд Солонгос болон Европын Холбооны гишүүн орнуудад ашигтай бөгөөд хямд шатахууны ачаар эдгээр улсын эдийн засаг богино хугацаанд сэргэнэ гэж шинжээчид дүгнэжээ.

Харин хамгийн том олборлогч, экспортлогчид болох АНУ, ОХУ, Саудын Аравийн аль алиных нь хувьд хохиролтой. Юуны түрүүнд, үндэсний валют болох риалын ханшийг /доллартой харьцах/ хатуу тогтоосон саудчууд түүнийгээ тогтоон барьж байхын тулд 500 тэрбум доллартай тэнцэх валютын нөөцөөсөө интервенц хийхээс аргагүйд хүрнэ, үүний зэрэгцээ улсын төсөв нь байнга алдагдалтай байгаа. Нөгөөтэйгүүр, 40 долларын өртгөөр занарын нефть олборлодог Америкийн компаниуд дампуурах магадлал өндөр. Түүнчлэн Орос улс үнийн уналтын улмаас өдөр бүр 100-150 сая долларын алдагдал хүлээж байгаа бөгөөд үнэ 20-30 долларын хооронд удаан тогтвол энэ онд Оросын эдийн засагт өсөлт гарахааргүй байгаа юм.  


Оросын Эрчим хүчний сайд А.Новак хэлэхдээ, одоо мөрдөж буй хэлэлцээр 3 дугаар сарын 31-нд дуусгавар болохоос өмнө олборлолтыг танах асуудлаар шинэ тохиролцоо хийж болохыг үгүйсгэсэнгүй. Хэрвээ ОПЕК+ бүтцийн түншүүд хэлэлцээний ширээний ард дахин суух аваас нефтийн үнэ ойрын үед өсөж магадгүй юм.


Б.Адъяахүү

Эх сурвалжууд: ВВС, expert.ru 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ