Хяналтын постоор 465 тээврийн хэрэгсэл, 1181 иргэн нэвтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-03-12 19:24:40

Ховд /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиодол зөөвөрлөгдөн ирж бүртгэгдсэнтэй холбогдуулан хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл хязгаарласан.

Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн хэмжээнд 24 хяналтын цэг гаргаж, Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагын 154 алба хаагч 24 цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж буй. 

Тэгвэл Жаргалант сум дахь хяналтын постуудын үйл ажиллагаатай танилцах, алба хаагчдын саналыг сонсох зорилгоор аймгийн ИТХ-аас 2 ажлын хэсэг томилжээ.  

Улмаар аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Бичигт, Нисэхийн пост дээр ажиллав.

Харин аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хатуу хөтөл, Улаан богочийн пост дээр үүрэг гүйцэтгэж буй алба хаагчидтай уулзаж, халуун цай, хоолоор үйлчиллээ.

Зориулалтын постын байр байхгүй учраас үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид хоноход хүндрэлтэй байна гэж хэлж байв. Мөн гар ариутгагч бодис, халдвар хамгааллын хувцас дутагдаж байна гэвТиймээс ажлын хэсгийнхэн тэдний саналыг аймгийн Онцгой комисст танилцуулан ажиллахаар боллоо.

Хот хооронд болон орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарласнаас хойш  гуравдугаар сарын сарын 12-ны өдрийн 11:00 цагийн байдлаар хяналтын постуудаар нийт 465 тээврийн хэрэгсэл, 1181 иргэн нэвтэрчээ. Эдгээр иргэд нь эрүүл мэнд, ар гэрийн гачигдал зэрэг зайлшгүй шалтгааны улмаас мэргэжлийн байгууллагын дүгнэлт, зөвшөөрлийн дагуу нэвтэрсэн аж.  

Иргэд хяналтын постын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй, зөрчил гаргах нь бага байна гэж алба хаагчид онцоллоо.  

Холбоотой мэдээ