Иракийн цэргийн бааз руу пуужин харвасныг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-03-12 12:32:23

ЛОНДОН. /TASS/. Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсон тус улсын болон Америкийн цэргүүд байрлаж байсан Иракийн Эт-Тажи цэргийн бааз руу пуужин харвасныг буруушаажээ.


Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб халдлагын талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хэдийнээ хэлэлцсэн бөгөөд харин Гадаад хэргийн яам “энэхүү халдлагын нөхцөл байдлыг тодруулахын тулд” гадаадын түншүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна гэж Жонсон онцлон тэмдэглэсэн байна.


Иракийн Салах-эд-Дин мужид оршдог цэргийн уг бааз руу пуужин харвасны улмаас гурван цэрэг амиа алдаж, 12 хүн шархадсан гэж АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалын албан ёсны төлөөлөгч Билл Урбан урьд нь мэдэгдсэн байна.  Үүнээс өмнө “Reuters” агентлаг Америкийн хоёр цэрэг, Их Британийн нэг иргэн  амиа алдсан гэж  мэдээлжээ.


Иракийн Анбар мужийн Эль-Калим суурин дахь шиит шашинтнуудын “"Аль-Хашд аш-Шааби" бүлэглэлийн хуаранд АНУ-ын Агаарын цэргийн хүчин /АЦХ/ өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-нд агаарын цохилт өгснөөс хойш Эт-Тажи бааз нэг бус удаа пуужингийн халдлагад өртөж байгаа юм. Тухайн үед 27 босогч амиа алдсан байна. Үүнээс гадна, АНУ-ын АЦХ-ний нэгдүгээр сарын 3-нд Багдадын нисэх онгоцны буудлын орчимд өгсөн пуужингийн цохилтын үеэр Ираны Зэвсэгт хүчний элит анги болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусын "Аль-Кудс" тусгай хүчний командлагч, генерал Касем Сулеймани болон "Аль-Хашд аш-Шааби" бүлэглэлийн командлагчийн нэг Абу Махди аль-Мухандис амиа алдсан билээ.



Холбоотой мэдээ