“Их 7”-гийн уулзалтыг теле хэлбэрээр явуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-03-12 11:27:23

ВАШИНГТОН. /Politico/. “Их 7”-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг теле хэлбэрээр явуулна гэж АНУ-ын Төрийн департамент лхагва гарагт мэдээлжээ. АНУ-д коронавирусний халдварын 1000 гаруй тохиолдол бүртгэгдсэн юм.


Энэхүү уулзалтыг АНУ-ын Пенсильваниа муж улсын Питтсбург хотноо энэ сарын 24-25-нд зохион байгуулахаар товлож байжээ. “New York Times” сонинд мэдээлснээр, Пенсильваниа муж улсад халдварын 15 тохиолдол илэрсэн байна.


COVID-19” халдварын улмаас дэлхий дахинд олон хурал цуглааныг хойшлуулах эсвэл теле хэлбэрээр явуулах шийдвэрийг гаргаж байгаа юм.


Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Морган Ортагус, Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг теле хэлбэрээр зохион байгуулах шийдвэрийг "болгоомжлох үүднээс" гаргасан хэмээн мэдээлсэн боловч коронавирусний халдвараас шалтгаалсан эсэх талаар дурдаагүй байна.


“Их 7”-гийн бүрэлдэхүүнд АНУ, Их Британи, Франц, Герман, Итали, Япон, Канад багтдаг. Эдгээр орноос Италид халдвар хамгийн их тархсан бөгөөд тус улс даяар хөл хорио тогтоогоод байгаа юм. Италид халдварын улмаас 600 гаруй хүн нас баржээ.


Германы Канцлер Ангела Меркель германчуудын 70 орчим хувь нь халдвар авч болзошгүй байгааг лхагва гарагт анхааруулаад, юун түрүүнд "тархалтыг сааруулах" хэрэгтэйг онцолжээ. “Johns Hopkins”-ын нэрэмжит их сургуулийн судлаачдын албан бус мэдээллээс үзэхэд Германд 1629 хүн, Францад 1784 хүн халдвар авсан байна.


Мөн Их Британийн Эрүүл мэндийн сайд Надин Доррисын коронавирусний шинжилгээ эерэг гарсан тул түүнтэй ойр хавьтсан тус улсын өндөр албан тушаалтнууд халдвар авсан байж болзошгүй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ