Зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-11 11:53:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудын дархлааг дэмжих зорилгоор албан байгууллага, ААН-үүд хандивын аян өрнүүлжээ. Энэ хүрээнд 16 байгууллага, аж ахуйн нэгжээс 5.2 сая төгрөгийн дархлааны бүтээгдэхүүн цугларч, Баянхонгор сумын ЗДТГ-аар дамжуулан есөн багийн 250 иргэнд хүргээд байна.

Томуу, томуу төст өвчин болон коронавирусний халдварт өртөх эрсдэл бүхий дархлаа сул, жингийн алдагдалтай, тураалтай бага насны хүүхэд, хэвтрийн эмгэгтэй ахмад настан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг аймгийн ЗДТГ-аас Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвүүдээс авсан байна. Судалгаагаар тураалтай, жингийн алдагдалтай 70 хүүхэд, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй болон хэвтрийн эмгэгтэй ахмад настан нийт 250 хүн байжээ.

Дээрх судалгаанд үндэслэж 70 хүүхдийг аймгийн Засаг даргын нөөцөөс хөрөнгө зарцуулж, Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан бүрэн витаминжуулсан бол хэвтрийн эмгэгтэй ахмад настан болон хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 250 иргэнийг дархлаажуулах ажлыг 14 хоногийн хугацаанд өрнүүлсэн байна.

Холбоотой мэдээ