Зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-11 09:24:31

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт ажилладаг Франц улсын иргэнээс шинэ төрлийн коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан хот хоорондын авто болон төмөр замыг 16-ны өдрийг хүртэл хаасан. Үүнээс үүдэн хүнсний хомсдол үүсэх эрсдэл үүсч болзошгүй хэмээн иргэд мягмар гарагийн өглөөнөөс эхлэн томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж ачаалал нэмэгдүүлж, мах, гурил, будаа зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээглдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэж болохуйц нөхцөл байдалд хүргэв.

Иргэд өглөөний 09.00-13.00 цагийн хооронд зах, худалдааны төвүүдээр ихээр үйлчлүүлснээс болж зарим бараа бүтээгдэхүүн лангуун дээрээ дуусч, хомсдох үнэ нэмэх асуудал үүссэн талаар цахим орчинд түгсэн. Тодруулбал урд өдөр нь худалдаалж байсан мах, гурил, будаа, ургамын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд 500-3000 төгрөгөөр нэмэгдсэн байсан. Харин энэ үйлдлийг зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэж байна гэж шүүмжлэх иргэд ч байлаа.

Мэргэжлийн байгууллагууд тухайн үүссэн нөхцөл байдал дээр үнийн судалгаа, үнэ хөөрөгдсөн байдлыг ажил тарах цаг буюу 16.00-17.00 цагийн хооронд судалгаа авсан байна. Үдээс хойш буюу 14.00 цагийн үед Дархан зах, Олон улсын худалдааны төв, Буян захад шинэ мах дуусч хуучин буюу агуулахын хөлдүү мах худалдаанд гарсан байлаа. Мэргэжлийн байгууллагуудын авсан судалгаагаар үхрийн мах 14.000, хонины мах 11.000, ямааны цул мах 13.000 төгрөгөөр худалдаалж байна. Энгийн өдрүүдэд 15.000-16.000 төгрөгөөр худалдаалдаг 5 кг цагаан будаа 17.000-18.000 төгрөг болж Олон улсын худалдааны төвийн зарим лангуун дээр цагаан будаа цөөхөн тоогоор үлдсэн байлаа.

Улсын онцгой комиссоос хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн явагдана гэж мэдээлсэн тул энэ мэт зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг анхааруулсан.

Иймд дээрх байдлыг дахин үүсгэхгүй, ам дамжсан ярианд үл итгэн албаны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэж байх хэрэгтэй. Авто зам, төмөр замаар зорчих иргэдийг түр хягзаарласан харин орон нутаг руу бараа бүтээгдэхүүн тээвэрлэлт хэвийн үргэлжлэх тул сандрах зүйл байхгүй гэдгийг УОК-ын дарга Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн билээ.

Холбоотой мэдээ