Согтууруулах ундаа худалдаалахыг бүрэн хориглолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-10 21:49:32

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 16-ны өдөр хүртэл аймгийн төвийн бүх захын үйл ажиллагааг түр хугацаагаар хаалаа. Үүнд: Аянчин, Түйн долгио, Майхан цахир, Баруун бүс худалдааны төв-1, Дунд захын барааны зах, ресторан, зоогийн газар, нийтийн хоолны газрууд багтаж байна.

Мөн архи согтууруулах ундаа худалдаалахыг мөн хугацаанд бүрэн хориглож, хүнсний дэлгүүрүүдийг 18.00 цагт хаах шийдвэрийг гаргажээ. Есөн-Эрдэнэ хүнсний зах, Дунд зах худалдааны төвийн хүнсний зах, Баруун бүс-2 худалдааны төвийн хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 09:00-18:00 цаг болгон өөрчилж, ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Тус комиссоос дээрх шийдвэрийг танилцуулаад, "Захирамж шийдвэр ирээгүй гэж хугацаа хэтрүүлж ажилласан ААН, иргэдийн дэлгүүр хоршооны тусгай зөвшөөрлийг цуцлах, Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу 150.000-1.000.000 хүртэл торгох арга хэмжээ авах"-ыг мэдэгдсэн юм. Мөн гудамжны идэвхтэн эргүүлийн тавьсан шаардлагыг иргэд, ААН-үүд чанд биелүүлж ажиллахыг анхааруулав.

Хязгаарласан, хориглосон хугацаанд зөрчил гаргасан, хууль ёсны шаардлага биелүүлээгүй тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож ажиллана гэлээ.

Холбоотой мэдээ