Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг бүх шатанд сайжруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусний халдварын тархалт буураагүй, зарим улс оронд шинээр гарч байгаа эрсдэлтэй үед улсынхаа хойд хилийг манаж байгаа
Сэлэнгэчүүдийн хувьд дор
бүрнээ өндөр хариуцлагатай, анхаарал
сэрэмжтэй ажиллаж байгаа.
Иймээс онцын шаардлагагүй тохиолдолд хилээр орж, гарах хөдөлгөөн хийхгүй байх, зайлшгүй гарсан тохиолдолд эрүүл ахуйн ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн дэглэмээ чанд сахиж Эх орноо, элгэн саднаа, гэр бүлээ болон өөрийгөө хамгаалах үүргээ сахиж байхыг аймгийн Онцгой комиссын зүгээс онцгойлон анхааруулж байна.
Ард иргэдийн амар тайван, эрүүл аюулгүй орчин нөхцөлд амьдрах боломжийг бүрдүүлэх үүднээс аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн төв Сүхбаатар суманд золбин нохой, муур устгах ажлыг эхлүүлээд байна. Мөн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг бүх шатанд сайжруулж, аймгийн хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээний ажлыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна. Энэ үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн бүх шатны байгууллага идэвх санаачилгатай, сэтгэлтэй хандахыг аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Түүнчлэн тусгаарлалтад байгаа зарим иргэдийн зүгээс гомдол гаргаж, хуулийн өмнө хүлээсэн иргэний үүргээ биелүүлэхгүй, хүндрэл учруулж байгаа талаар аймгийн Онцгой комиссын дарга анхааруулан хэллээ.
