Үндэсний шилдэг бүтээлийн эзэд тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-06 17:45:58
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний өв соёл, түүх уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээлийн уралдаанд тэргүүлсэн телевиз, радиод өнөөдөр шагнал гардуулав. 


Сар шинийн баярын өдрүүдэд Ерөнхий сайдын ивээлд болсон тус уралдааны шилдэг хөтөлбөртэй телевизийн төрөлд "UBS" телевиз тодорч, цом, өргөмжлөл, 100 сая төгрөгөөр шагнууллаа. Мөн шилдэг хөтөлбөртэй радиогоор, "Дэлхийн Монголчууд MGL радио 88.3" шалгарч өргөмжлөл, цом, 20 сая төгрөг хүртлээ. 


Хүүхдэд зориулсан шилдэг бүтээлийн төрөлд “Маамуу” хүүхэлдэйн киногоор “Монгол Контент” ХХК, “Найзууд” нэвтрүүлгээр “Хэмнэл радио 91.7”-ийн уран бүтээлчид тодорлоо.


“Монгол төрийн мэргэн өвөө” нэвтрүүлгээр “Жи интертайнмент” нэгдэл, “Өнөө өглөө” шууд нэвтрүүлгээр “Монгол HD” телевиз тус тус  шилдэг бүтээлийн эзэд болов.


Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, цаашид телевиз радиогийн бүтээл туурвигчдын дунд бүх нийтийг соён гэгээрүүлэх, хүүхэд залуусын үндэсний өв соёлын дархлааг тогтооход чухал үүрэгтэй, шагналын өндөр сантай энэхүү уралдааныг уламжлал болгон явуулахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

Холбоотой мэдээ