Аймгуудад 2379 тонн өвс, тэжээл хүргэж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-03-06 14:14:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт нутгийн 60 хувь цастай байна. Өнөөдрийн байдлаар 8 аймгийн 32 сум цагаан зудын, 15 аймгийн 41 сум зудархуу байна.

Тодруулбал, Увсын Малчин, Улаангом, Тэс, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завхан аймгийн Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Баянхонгорын Галуут, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Өвөрхангайн Хархорин, Булганы Тэшиг, Хэнтий аймгийн Баян-Овоо, Өлзийт, Хэрлэн, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Түвшинширээ суманд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг Архангай, Булган, Орхон, Завхан, Хөвсгөл, Увс аймагт ажиллаж улсын нөөцийн 2303 тонн өвсийг үнэгүй, 2025 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, Завхан, Архангай, Өвөрхангай, Увс аймгийн Онцгой байдлын газар, Орхон, Завхан, Хөвсгөлийн гурван сум тус бүрт нэг буюу нийт 7 автомашин өвс олгохоор шийдвэрлэлээ. 

Одоогоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 5862 тонн өвс, 4134 тонн тэжээл байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Аюулгүйн нөөцийг Баян-Өлгий аймгаас бусад аймгийн малчдад борлуулж байна. Өвсний үнэ 4000-13.000 төгрөг, тэжээлийн үнэ 11.500-26.000 төгрөгийн хооронд харилцан адилгүй байгаа бол аюулгүйн нөөцийн өвсийг дунджаар 5.500 төгрөг, тэжээлийг 11.800 төгрөгөөр борлуулан малчдад хүргэж байна.

Нийтдээ аймгуудад 2379 тн өвс, 1544.5 тн тэжээл  худалдаалж байгааг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдээс авсан судалгаагаар, гуравдугаар сарын 3-ны байдлаар 6100 тонн хивэг нөөцөлжээ. Аймаг, орон нутгаас ирүүлсэн мэдээгээр хаваржилтад 5500 тн өвс, 3000 тн тэжээл шаардлагатай байна. Одоогоор улсын болон орон нутаг, үйлдвэрт байгаа тэжээлийн нөөц өвс, тэжээлийн хангамж хүрэлцээтэй байгааг салбарын яамнаас мэдээлэв. 

Тодруулга: Манай улс 2019 онд 22.4 сая толгой төл бойжуулан, 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын сүргийн тоо 70.9 сая толгойд хүрсэн.


Холбоотой мэдээ