Улсын хошой аварга малчин 100 хонь хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-03-05 12:58:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж Сүхбаатар аймаг БНХАУ-д 2000 хонь хандивлахаар болсон. Энэхүү хандивыг мөн аймаг орон нутгийн малчид, иргэдийн дэмжлэгээр бүрдүүлэх бөгөөд хамгийн эхний хандивыг Уулбаян сумын уугуул, Монгол Улсын хошой аварга малчин Д.Баярсайхан өглөө.

Тэрээр өөрийн эрдэнэт мал сүргийн дээжээс 100 хонийг хандивлаж байгаагаа уламжлаад аймгийн удирдлагуудад батламж гардуулан өгсөн юм.

Би 20 гаруй жил маллаж байна. Эрдэнэт мал сүргийнхээ буянаар төрийнхөө хайр хишгийг харамгүй хүртэж яваа хүн. Тийм ч учраас дэлхий дахинд тархаад байгаа энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хөрш зэргэлдээх БНХАУ-д хонь бэлэглэх уриалгыг дэмжиж,100 толгой хонийг аймгийнхаа Онцгой комисст хандивлаж байна. Бусад малчид маань ч гэсэн энэхүү санаачилгыг дэмжиж тав, арав ч хамаагүй хандив тусламжаа үзүүлээсэй гэж хүсч байна. Бид хамтдаа байж, хичээж чадвал энэ аюулт өвчин биднийг холуур тойрон өнгөрнө гэдэгт итгэлтэй байна гэж Монгол Улсын хошой аварга малчин Д.Баярсайхан хэллээ.

Харин аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлэхдээ, дэлхий нийтээр тархаж байгаа энэхүү аюулт өвчнийг бид хамтын хүчээр даван туулж, урьдчилан сэргийлэх ёстой. Энэ хүнд цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч хөрш улсдаа 30 мянган хонийг хандивлахаар болсон. Энэ үйл хэргийг монголчууд төдийгүй дэлхий нийтээр дэмжиж, бас бэлгэшээж байгаа. Энэхүү уриалгыг дэмжиж, аймгийнхаа онцгой комиссын ажлыг дэмжиж байгаад маш их баяртай байгаагаа илэрхийлээд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье гэв. 

Холбоотой мэдээ