Цагааннуур-Бураатын даваа чиглэлийн зам дээр зургаан хяналтын пост ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-03 12:51:42

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр Хот хоорондын болон орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөөний 06:00 цагаас нээсэн. Тээврийн олон хэрэгсэл нэгэн зэрэг орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож эхэлсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байнгын хоёр /Цагаан нуур, Шар нуур/, явуулын дөрвөн /30 км дэх хяналтын цэг, Хар сай, Толбо, Бураатын даваа/ пост ажиллаж байна.

Хяналтын постууд замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх, эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох "Асуумжийн хуудас” бөглүүлэх бөгөөд цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, авто тээвэр, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Аймгийн Цагдаагийн газраас өгсөн мэдээллээр хяналтын постууд энэ сарын 5-ны өдрийг хүртэл ажиллана. 

Холбоотой мэдээ